Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа, тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэх олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хоёр өдрийн хурал болж байна. Оролцогчид салбарын тогтвортой байдал, бодлого, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа болон сайн туршлагыг авч үзэж, зөвлөмж боловсруулах юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улс олон улсын жилийн санаачилга гаргаж, дэлхийн малчдын их хурлыг зохион байгуулсан туршлагыг дурдаад, одоо бодит хөтөлбөр, хэрэгжилтэд төвлөрөх шаардлагатайг онцоллоо.
Хурлын хөтөлбөрт эрх зүйн орчин, бодлогын зохицуулалт, БНХАУ болон Казахстаны туршлага, малын генетик нөөц, байгаль орчин, технологи, малчдын нийгэм, эдийн засгийн асуудлыг багтаажээ.
Арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, Өвөр Монголын хөдөө аж ахуйн их сургууль, Казахстаны Үндэсний аграр судалгааны их сургууль хамтран зохион байгуулж байна.
2025 оны статистикаар Монгол Улсад 313.2 мянган малчин, 247 мянга гаруй малчин өрх байгаа бөгөөд тэд ажиллах хүчний 23 хувийг бүрдүүлж байна.
