Монгол, Америкийн аврагчид “Увс-2026” гамшгийн бэлэн байдлын хамтарсан сургалтын хүрээнд хот доторх эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн дадлага хийлээ.
Сургалтаар гал түймэр унтраах, нурангид эрэн хайх, өндрөөс аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, аюултай бодистой орчинд ажиллах, нисгэгчгүй төхөөрөмж ашиглах, кибер аюулгүй байдал, усны болон хот доторх эрэн хайх ажиллагааг хослуулан дадлагажуулжээ.
Дадлагад Монгол, Америкийн зохион байгуулагч, сургагч багш нараас гадна Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлага болон томилгоот бүлгүүд оролцсон байна.
Онцгой байдлын ерөнхий газрын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр аврах ажиллагааг мөн сургуулилжээ. Хамтарсан дадлагын зорилго нь гамшгийн үеийн бэлэн байдлыг дээшлүүлэх, эрэн хайх, аврах болон нүүлгэн шилжүүлэх ажиллагааг шуурхай, аюулгүй зохион байгуулах ур чадварыг сайжруулахад чиглэсэн байна.
