УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо есдүгээр сарын 23-ны хуралдаанаараа дөрвөн асуудал хэлэлцэв. Хуралдаанд 29 гишүүнээс 15 нь оролцож, ирц 51.7 хувьтай байлаа.
Байнгын хороо 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027–2028 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Мөн 2026 оны нэгдсэн төсөв болон холбогдох сангуудын төсөвт өөрчлөлт оруулах төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа. Сангийн сайд З.Мэндсайхан гадаад санхүүжилтийн эрсдэлийг бууруулах, стратегийн салбарын үйл ажиллагааг тогтвортой байлгах, төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн зөрүүг арилгах арга хэмжээг танилцуулжээ.
Төсөлд Азийн хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл, 250 сая ам.доллар хүртэлх нөхцөлт зээлийн шугам байгуулах, эрчим хүчний тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас олгох, станц болон сүлжээний засвар шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмэхээр тусгасан байна. Мах, улаанбуудай, хүнсний ногооны стратегийн нөөцөд 150 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд 170.1 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцсон байна. Төсвийн хэмнэлтээр нийт 1.44 их наяд төгрөг чөлөөлж, иргэдийн орлого, нийгмийн хамгаалал болон төрийн үндсэн үйлчилгээнд чиглүүлэхээр төлөвлөжээ.
Төсвийн тодотголын дараа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд, нийт зарлага 34 их наяд, алдагдал хоёр их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувь байхаар тооцсон байна. Байнгын хороо санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Хуралдаанаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай 81 дүгээр конвенц болон хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай 129 дүгээр конвенцыг соёрхон батлах хуулийн төслүүдийг мөн хэлэлцжээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир эдгээр конвенцод нэгдэх нь эрсдэлд суурилсан хөдөлмөрийн хяналтыг төлөвшүүлж, ажилтны үндсэн эрх болон хөдөлмөрийн нөхцөлийг хамгаалах ач холбогдолтой гэж танилцуулсан байна.
Конвенцуудын төслийн санал хураалтыг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар явуулахаар шийдвэрлэсэн гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
