УИХ-ын байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Азийн хөгжлийн банктай байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр болон Японы санхүүжилттэй “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн зээлийн гэрээний төслүүдийг хэлэлцэн дэмжлээ.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр

Сангийн сайд З.Мэндсайханы танилцуулснаар Азийн хөгжлийн банктай хэлэлцэж буй хөтөлбөрийн нийт дүн 450 сая ам.доллар байна. Үүнээс 200 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 250 саяыг болзошгүй гамшгийн үед ашиглах зээлийн шугамд хуваарилахаар төлөвлөжээ.

Хөнгөлөлттэй эх үүсвэр нь жилийн хоёр хувийн тогтмол хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Энгийн эх үүсвэрийн зээл 15 жилийн хугацаатай, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд SOFR дээр 0.5 хувийн хүү нэмэгдэхээр танилцуулжээ.

Гишүүд зээлийг ирээдүйд хэрхэн эргэн төлөх, гамшгийн үеийн санхүүжилтийг ямар нөхцөлд татах талаар асуусан байна. Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга зээлийн шугамыг ашиглах нөхцөлийн талаар тайлбар өгчээ. Хөтөлбөрийн төслийг зөвшилцөх саналыг оролцсон гишүүдийн 56.3 хувь дэмжсэн байна.

Нисэх буудлын өргөтгөл

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр нисэх буудлын өргөтгөлийг хэрэгжүүлэх зээлийн дүнг 158.3 тэрбум иен гэж танилцууллаа. Зээл нь 40 жилийн хугацаатай, жилийн 1.10 хувийн тогтмол хүүтэй, эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж.

Төслийн хүрээнд 81.9 мянган ам метр талбайтай зорчигчийн терминал барьж, холбогдох дэд бүтцийг өргөтгөхөөр төлөвлөжээ. Төсөл санаачлагчдын тооцоолсноор нисэх буудлын жилийн зорчигч хүлээн авах хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрнэ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд бүтээн байгуулалтын хугацаа, өртөг, дотоодын нислэгийн асуудлыг хөндсөн. Зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг оролцсон гишүүдийн 66.7 хувь дэмжсэн бөгөөд хуралдааны тэмдэглэл, санал дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн