Монгол, Энэтхэгийн зэвсэгт хүчний “Нүүдэлчин заан” хамтарсан сургуулилалт Энэтхэгийн Уттаракханд мужийн Питорагарх хотод эхэллээ. Арван найм дахь удаагийн сургуулилалт есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ гэж Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдээлэв.

Хоёр улсын зэвсэгт хүчнээс тус бүр 45 алба хаагч оролцож байна. Жил бүр хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулдаг сургуулилалт салааны түвшинд явагддаг бөгөөд өмнөх удаагийн дадлагыг 2025 оны тав, зургаадугаар сард Улаанбаатарт хийжээ.

Оролцогчид НҮБ-ын мандатын хүрээнд хагас хотжсон болон уулархаг орчинд хамтарсан ажиллагаа явуулах ур чадвараа дээшлүүлнэ. Бүслэн нэгжлэг хийх, барилга байгууламжид нэвтрэх, тусгай зориулалтын нисдэг тэрэг ашиглах, цахим аюулгүй байдал, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон түүнийг эсэргүүцэх системийн дадлага багтжээ.

Сургуулилалт нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааны чадавхыг бэхжүүлэх зорилготой гэж Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн