Гаитид зургаан сартайгаас таван нас хүртэлх 254 мянга орчим хүүхэд хоол тэжээлийн хурц дутагдалд өртөх төлөвтэй байгааг НҮБ-ын Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хамтарсан мэдээлэлд дурджээ.

Тэдгээрийн 94 мянга орчим нь амь насанд аюултай хүнд хэлбэрийн хурц дутагдалд орсон байна. Яаралтай эмчилгээ үзүүлэхгүй бол хүүхдийн бие богино хугацаанд суларч, эндэх эрсдэл нэмэгддэг.

Хүчирхийлэл тусламжийн замыг хааж байна

Зэвсэгт бүлэглэлүүд нийслэл Порт-о-Пренсийг бусад бүстэй холбосон замуудыг хянаж, хүнс тээвэрлэсэн автомашины хөдөлгөөн болон захын үйл ажиллагаанд саад учруулж байна. Үүний улмаас хүнс, эм тариа, хүмүүнлэгийн тусламж хэрэгцээтэй иргэдэд хүрэхэд хүндрэлтэй болжээ.

Гаитид дотооддоо дүрвэсэн хүний тоо 1.5 саяд хүрсэн бөгөөд тэдний тал орчим нь хүүхэд байна. Олон өрх хүнс, ундны ус, ариун цэврийн наад захын нөхцөлгүй түр байранд амьдарч байгаа аж.

Нийслэлийн ойролцоох Сите-Солей болон Кабэрэ орчимд хүүхдийн хоол тэжээлийн дутагдал ноцтой түвшинд хүрчээ. Аюулгүй байдлын нөхцөлөөс шалтгаалан эцэг эхчүүд хүүхдээ эмнэлэгт хүргэхэд хүндрэлтэй болж, олон улсын байгууллагын ажиллагаа ч тасалдаж байна.

Хүнсний үнэ өсөж, холер дахин тархаж эхэлсэн нь нөхцөл байдлыг хүндрүүлжээ. НҮБ-ын байгууллагууд хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй хүргэх замыг нээж, иргэдийн хамгаалалтыг сайжруулах шаардлагатайг онцолсон байна.

Эх сурвалж: Vatican News

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн