КОПЕНХАГЕН, 2026 оны есдүгээр сарын 22 /Reuters/. Дани, Гренланд, АНУ-ын төлөөлөгчид мягмар гарагт Гренландын аюулгүй байдлын тухай хэлэлцээрт гарын үсэг зурна. Данийн талын мэдэгдсэнээр, уг хэлэлцээрээр Арктикийн аюулгүй байдлыг Вашингтон, Копенхаген хоёр дангаараа хариуцах бус, НАТО-гийн хамтын хариуцлага, хяналтад шилжүүлнэ.

АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр мягмар гарагт АНУ-ын Зүүн эргийн цагаар 10:30 цагт /Гринвичийн цагаар 14:30/ гарын үсэг зурах уг хэлэлцээрийг одоогоор танилцуулаагүй байна. Дани, Гренландын талын мэдэгдэж байгаагаар, энэхүү хэлэлцээр нь Арктикийн тус арлын хөгжилд үр өгөөжтэй байхын зэрэгцээ бүрэн эрхт байдлыг нь хүндэтгэх болно.

Гренландад одоогоор цэргийн нэг баазаа байрлуулаад байгаа АНУ уг хэлэлцээрийн хүрээнд тус арал дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлж, дахин хоёр газар цэргийн хүчээ байрлуулах төлөвтэй байна.

Тэдгээрийн нэг нь Нарсарсуак суурин юм. АНУ 1950-иад онд Хүйтэн дайны үеийн “Блуи-Уэст-Уан” цэргийн баазаа хааснаас хойш тус суурингийн хүн ам хэдхэн арав болтлоо цөөрчээ. Нөгөө нь Местерсвиг гэдэг цэргийн түшиц газар бөгөөд одоогоор уг газрыг Данийн нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг хэрэгжүүлэх үүрэгтэй тусгай хүчний нэгж болох “Сириус” чаргатай эргүүлийн алба ашигладаг гэж энэ талаар мэдээлэлтэй хоёр хүн хэлжээ.

Цагаан ордны төлөөлөгчийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Нью-Йорк хотноо Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен, Гренландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен нартай уулзаж, гурван талын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Д.Трамп Гренландыг АНУ хяналтдаа авах ёстой, Данийн хагас өөртөө засах эрхтэй тус нутаг дэвсгэрийг хяналтдаа авахын тулд цэрэг, эдийн засгийн хүч хэрэглэнэ хэмээн олон сар дарамт шахалт үзүүлж, яриа хэлэлцээ хийсний эцэст уг хэлэлцээрийг байгуулж байна. Түүний сүрдүүлэг нэгдүгээр сард дээд цэгтээ хүрч, улмаар НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын дотор дипломат хямрал үүсгэн, Дани, Гренландын тал уг хямралыг намжаах зорилгоор хэлэлцээ хийхэд хүрсэн юм.

“Арктикийн аюулгүй байдлын асуудлыг зөвхөн Дани эсвэл АНУ дангаараа хариуцах бус, хамтын хариуцлагын хүрээнд зохицуулах хэлбэрээр хэлэлцээрт тусгана” гэж Данийн Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен ням гарагт тус улсын TV2 телевизэд ярилцага өгөхдээ мэдэгджээ. “Арктикийн аюулгүй байдлыг үндсэндээ НАТО ихээхэн хэмжээгээр хариуцна” гэж тэрбээр хэлсэн байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн