Трампын засаг захиргаа Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна. Олон улсын эрүүгийн шүүх нь дэлхий даяарх дайны гэмт хэрэг, геноцидыг шүүдэг байгууллага. Гэвч Трампын засаг захиргаа тус шүүхийг үл тоомсорлосон хандлагатай байдаг бөгөөд үүнийгээ нууж ч байгаагүй. Өдгөө АНУ-ын албаныхан тус шүүхээс Израилийн удирдагчдыг баривчлах шийдвэрээ эргэн харах болон Афганистан дахь Америкийн цэргүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг зогсоохыг хүсч байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Олон улсын эрүүгийн шүүхийг тусгаарлах кампанит ажлынхаа талаар долдугаар сард анх танилцуулсан юм. Энэ хүрээнд улс орнуудыг шүүхийн бүрэлдэхүүнээс гарахыг уриалжээ.

АНУ өнөөг хүртэл Олон улсын эрүүгийн шүүхийн хэд хэдэн шүүгч, прокурорт тусад нь хориг арга хэмжээ авсан. Харин тус байгууллагад бүхэлд нь хориг тавьсан зүйл одоогоор үгүй. Энэ хувилбарыг АНУ олон жилийн турш боломжит алхамд тооцсоор иржээ. Бүхэл бүтэн байгууллага болон хамтран ажиллагч этгээдүүдийг онилох нь шүүхийн үйл ажиллагааг доголдуулж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, тус шүүхэд бараа, үйлчилгээ нийлүүлдэг компаниуд, интернет технологийн үйлчилгээгээр хангагчид, даатгалын компани зэрэг олон салбарт хориг арга хэмжээ нөлөөлнө.

Хориг арга хэмжээг чухам хэзээ зарлах нь тодорхойгүй байгаа ч бэлтгэл ажил хангагдаад явж байгааг эх сурвалж мэдээлсэн байна. “The Wall Street Journal”-д мэдээлснээр, энэ долоо хоногт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр шийдвэрийг эцэслэх бололтой.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн