“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг энэ сарын 18-20-нд улс орон даяар тэмдэглэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй номын баярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгэм, утга зохиол, урлаг соёлын алдар цуутан, эрдэмтэн мэргэдээс гадна Энэтхэг, Солонгос, Хятад, Япон, Киргиз зэрэг 10 гаруй орны 30 гаруй зохиолч, нийтлэгч, уран бүтээлч оролцож буй юм.
Монгол өв соёл, түүхээ дэлхий дахинд таниулж, утга зохиол, урлаг соёл, хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй зохиолч, ном бүтээгчдийг дэмжин урамшуулж, “Улаанбаатар грант” шагналыг гардууллаа. Тус шагналыг судлаач Ж.Соёмбо, Ж.Төртүвшин нарын хамтын бүтээл “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулан өгөв.
Үндэсний номын баярын дээд шагнал “Мэргэн ном” цомыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана “Шүгдэн” роман, “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн Ergelt.mn сайтын сэтгүүлчдийн хамтын бүтээл “Сүүлчийн нүүдэлчид” номоороо хүртлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран 20 дахь жилдээ “Номын баяр”-ыг зохион байгуулж байгаа юм. Номын баяраар гурван өдрийн турш зохиолчдын хэсэг, гадаад оролцогчдын гудамж, хэвлэлийн газруудын тусгай гудамж, залуу хэвлэн нийтлэгчдийн “Indie Street”, Зурагт номын гудамж зэрэг хэсэг ажиллаж, зохиолч, уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, гарын үсэгтэй худалдаа, хүүхдийн номын уншлага, шатрын тэмцээн, урлагийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
