Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 18 //. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас 20 дахь жилдээ зохион байгуулж буй 40 дэх удаагийн Номын баяр, Үндэсний бичиг соёл, номын өдрүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор нийслэлийн төв талбайд өнөөдөр эхэлнэ.
Тус төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь Монголын номын салбарын хөгжилд, цаашлаад монголчуудынхаа оюуны хөгжил дэвшилд даацтай хувь нэмрийг оруулж түүчээлэн ажилласан, номын худалдааны эргэлт, ном уншдаг хүмүүсийн тоо үлэмж нэмэгдсэн нь мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжихөд томоохон түлхэц үзүүлжээ. Нийслэлийн иргэдийн дунд номын соёлыг түгээхэд далайцтай хувь нэмрийг оруулсан амжилтаар 40 дэх удаагийн Номын баярыг ийнхүү угтаж байна.
Энэхүү үйл ажиллагааны сүүлийн үеийн чиг хандлага Олон улсын номын үзэсгэлэнгүүдтэй түншлэн ажиллахад чиглэж, тэдний сайн туршлагаас суралцахын сацуу бодитоор хэрэгжүүлэхэд анхаарч байгаа юм. Тиймээс энэ удаагийн баярын гол онцлог нь залуу хэвлэн нийтлэгчдийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж, олон улсын хэвлэн нийтлэгчидтэй соёлын солилцоо өрнүүлэх тусгай гадаад оролцогчдын хэсгийг бий болгох аж.
Энэ удаагийн “Номын баяр”-аар “Либро сувд” утга зохиолын агентлагаас Японы зурагт номын алдартай зохиогчид Хоса Сачиёо, Ито Хироши, Малайзын Куала Лумпурт болсон Олон улсын хэвлэн нийтлэгчдийн хурлаас 2026 оны “Хэвлэлийн салбарын инновац” шагнал хүртсэн БНЭУ-ын Тамил Наду мужийн Aazhi Publications-ийн захирал С.Сэнтил Натан, Номын соёлын сан, Уншлагыг дэмжих иргэдийн хөдөлгөөний ерөнхий захирал Ан Чан Сү, Номын соёл сангийн менежер Ким Хюмбин, “Nami Island Arts & Education” корпорацын гүйцэтгэх захирал, IBBY Trust-ын Удирдах зөвлөлийн гишүүн Фрэд Минн, Бээжингийн номын үзэсгэлэнгийн зөвлөх, 2008-2012 оны IBBY-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны байнгын гишүүн, Хүүхдийн зохиолч Жан Минжөү, Түрэг соёл судлалын олон улсын байгууллага (ТҮРКСОЙ)-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Киргизийн ардын уран зохиолч, Утга зохиолын олон улсын шагналт Султан Раев нарын онцлох зочдыг урьсан бөгөөд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд нь дэмжин ажиллажээ.
40 дэх удаагийн Номын баяраар юу болох вэ?
20 жилийн түүхтэй 40 дэх удаагийн номын баяраар хэвлэлийн газруудын тусгай гудамж, олон улсын хэвлэн нийтлэгчидтэй хийх B2B уулзалт, Номын гэр дэх мэдлэг солилцох уулзалт, “Номын ертөнц” сэтгүүлийн шинэ дугаарыг түгээх, зохиолч уншигчдын уулзалт зэрэг олны анхаарал татсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн уламжлал ёсоор “Мэргэн ном” цом гардуулах, зохиолчдыг дэмжих “Улаанбаатар грант” олгож, гадаад болон монгол зохиолчдын шинэ номын нээлтүүд болно. Нээлтийн ёслолыг маргааш 11:30 цагт Д.Сүхбаатарын талбайгаас МҮОНТВ-ээр шууд дамжуулах юм.
Номын баярын гурван өдөрт зохиолчдын асарт гарын үсэгтэй худалдаа, зураг авхуулах үйл ажиллагаа болох бол гадаад оролцогчдын гудамж, хэвлэх газруудын нээлттэй өдөрлөг, залуу хэвлэн нийтлэгчдийн гудамжинд монгол уншигчдад зориулсан шинэлэг ном бүтээлүүдийг толилуулж, олон улсын хамтын ажиллагааг дэмжсэн хөтөлбөр ч тусгажээ. Мөн “Дүүлэн нис” гудамж, Зурагт номын гудамжны бүтээлч асарт зочилж, хүүхдийн номын уншлага, шатрын нээлттэй тэмцээнд оролцох, ЕБС-иудад уншлага удирдах хуанли түгээхэд хамтран ажиллах, шинэ номын яриа, нээлт, танилцуулгыг биечлэн үзэж сонсох боломжийг олгоно. Хэвлэл мэдээллийн хэсэг, судалгааны явуулын цэг, ховор, хуучин номын худалдаа, төрийн байгууллагын үйлчилгээ, амттай кофе уух явуулын үйлчилгээ, хүнс, үйлчилгээний хэсэг, урлагийн тоглолт гэх мэт ном тойрсон олон талт үйл ажиллагаа болох юм.
“Улаанбаатар грант”-ын эзэн тодорно
“Номын соёлт ертөнц”-өөс НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотын нэрэмжит “Улаанбаатар грант” шагналыг бий болгосон. “Улаанбаатар грант”-ын зорилго нь номын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд нийгэмд бодитой хувь нэмэр оруулж буй хувь хүн, уран бүтээлч, гадаад оронд номоо эрхлэн хэвлүүлэхээр зэхэж буй болон хэвлүүлж олны хүртээл болгон Mонгол Улсаа сурталчилж буй зохиолч, хэвлэн нийтлэгчдийг урамшуулж НЗДТГ-аас олгодог мөнгөн тэтгэлэг юм.
Номын баяр бүрээр нэг нэр дэвшигчийг тодруулан олгодог уг грантад энэ удаа судлаач Ж.Соёмбо, Ж.Төртөвшин нарын хамтран туурвисан “Чингис хааны тагнуулын нууц товчоо”, 2016 онд Японы Соёлын яамны нэрэмжит шагнал хүртсэн зохиолч И.Ганбаатар, зураач Б.Болормаа нарын хамтран бүтээсэн “Туяагийн нүүдэл” зурагт ном, зохиогч, орчуулагч Ц.Дөлгөөний туурвисан “The Wind Horse” хэмээх соёл, түүхийн шинэ бүтээл, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч С.Начингийн “Цаг хугацааны хээ” буюу “The Patterns of time” ном нэр дэвшжээ.
Зохион байгуулагчдаас Японы Соёлын яамны нэрэмжит шагналт, БНХАУ, Хятадын Тайвань, Дани, Швед зэрэг оронд хэвлүүлэн зохиолч И.Ганбаатар, зураач Б.Болормаа нарын “Туяагийн нүүдэл” зурагт номын монгол хэл дээрх эхийг зураач, зохиолчийн зөвшөөрөлтэйгөөр Номын баярт ирсэн хүн бүр, хүүхэд бүр унших боломжтой хэлбэрээр хэвлэж Д.Сүхбаатарын талбайд байршуулан уншигчдадаа бэлэг барьж байна. Энэ удаагийн номын баярын постер зургийг Б.Болормаа зуржээ. Энэ удаагийн баяр дээр баяр нэмэн “Мэргэн ном” шагнал, “Улаанбаатар грант” хүртсэн хоёр ч зохиогчийн ном тамил хэлээр хэвлэгдэн гарч байна.
“Номын ертөнц” сэтгүүлийг үнэгүй тараана
Үндэсний номын баярын дээд шагнал болох “Мэргэн ном” цомыг Ерөнхий сайд асан Г.Занданшатар 2019 онд санаачилсан бол хотын грантыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн санаачилж байсан нь Монголын номын ертөнцийг дэлхийд сурталчлахад чухал түлхэц болсон юм. Тиймээс Номын баярын хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг онцлон номд дуртай энгийн нэг уншигчийн хувиар “Номын ертөнц” сэтгүүлийн хойморт урьж ярилцжээ. “Номын ертөнц” сэтгүүлд Монголын төлөөлөгчид Бээжин, Сөүл хотын ОУ-ын номын үзэсгэлэнд оролцсон сонин сайхныг өгүүлсэн сурвалжилга, аян замын тэмдэглэл уншиж, нээлтээ хийх гадаад зохиолчдын болон монгол зохиолчдын шинэ номын мэдээлэл, номын клубийн үйл ажиллагаа, номын ертөнцийн сонин сайхнаас унших боломжтой. Уг сэтгүүлийг номын баяр бүрээр 5000 хувь хэвлэж үнэ төлбөргүй тараадаг.
“Номын баяр”-ын үүсэл, түүх
“Номын баяр”-ыг анх 2007 онд сэтгүүлч, ном зүйч Б.Сувд хэсэг нөхдийн хамт санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд уг санаачилгыг дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд зарлиг буулгаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаргийг “Номын баярын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байхаар болжээ. Харин 2021 онд энэхүү баярын өдрүүдийг УИХ-ын чуулганаар хуульчлан баталж жил бүрийн 5 ба 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-Номын баярыг орон даяар тэмдэглэдэг болсон билээ.
Тэгвэл 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиох болсон юм. “Номын баяр” нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүд юм. Мөн үндэсний бичиг, соёл, өв, хэв маягийн элементийг сурталчлан таниулдаг, уламжлал шинэчлэлийг хослуулдаг соёлын цөм үйл ажиллагаа билээ. Энэхүү баярт ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч, Монголд улсаа төлөөлөн суугаа гадаадын Элчин сайд, жуулчин, түр оршин суугч гадаадын иргэд болон хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын сан, номын клуб зэрэг номтой холбогддог бүх байгууллага, хувь хүн, уран бүтээлчид, хүүхэд залуус оролцдог. 39 дэх удаагийн баяраар хийсэн судалгаанд оролцогчдын 70.7 хувь нь 14-20 настнууд байжээ. Тэд “Ном унших нь ирээдүйгээ төлөвлөхөд тустай, бүтээлч сэтгэлгээг тэлэхэд нөлөөтэй төдийгүй ёс суртахуун, үнэт зүйлийн соёлыг бүрдүүлэгч” хэмээн чухалчлан үзэж байгаагаа илэрхийлжээ.
Энэ ташрамд сонирхуулахад, “Интерном” номын дэлгүүр, “Нэпко” хэвлэлийн газар байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын хамт олон номын соёлыг түгээн дэлгэрүүлэхээр ажиллахдаа нийслэл Улаанбаатар хотдоо “Дэлхийн номын нийслэл” хэмээх цолыг титэмлэн авах зорилгыг тавьж ирсэн билээ. Тиймээс номын соёлыг түгээн дэлгэрүүлэх олон талт ажлыг 21 жилийн турш санаачлан, хийж хэрэгжүүлсээр байгаа. Дэлхийн номын нийслэлд нэр дэвших өргөдлөө ирэх 10 дугаар сард өгөх бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжсэн албан тоот, батлан даалттай захидлын хамт илгээх учиртай. Иймд НЗДТГ-тай “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага нягт хамтран ажиллаж байна.
