Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 18 //. Боловсролын сайд Л.Энх-Амгалан Япон Улсын парламентын гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан, боловсрол, хүний нөөцийн хөгжил чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол, Японы олон жилийн стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүд хэрэгжиж байгааг онцолж, хамтын ажиллагаанд үзүүлж буй дэмжлэгт талархал илэрхийлэв. Монгол Улс 2014 оноос Японы КООСЭН боловсролын тогтолцоог нэвтрүүлж, гурван КООСЭН коллеж үйл ажиллагаа явуулж байна.
Тус коллежууд нь инженер, техникийн чиглэлээр чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа ба нийт төгсөгчдийн тоо 700 орчимд хүрчээ. Мөн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд КООСЭН коллежийн тоог орон нутагт нэмэгдүүлэх, инженер, техникийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах хүсэлтээ салбарын сайд уламжиллаа.
Япон Улсын парламентын төлөөлөгчид Монгол, Япон хоёр улс хүний нөөц бэлтгэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатайг онцолж, цаашид боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг тэмдэглэлээ.
