Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 284 дүгээр тогтоолоор Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар Олон Улсын Инженерийн хамтарсан их сургууль байгуулах шийдвэрийг гаргасан.
Боловсролын сайдын тушаалаар тус сургуулийн удирдах зөвлөлийг нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй хоёр талаас 50, 50 хувийн оролцоотой байхаар байгуулж, бэлтгэл ажил хангаж ажилласны үр дүнд албан ёсоор өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус сургуулийг байгуулах нь инженер, технологийн боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хоёр улсын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.
Олон Улсын Инженерийн хамтарсан их сургууль албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлснийг “ӨМӨЗО-ы Аж үйлдвэрийн их сургуулийн өндөр түвшний хэрэглээний судалгааны их сургуулийн хөгжлийн их хурал”-ын үеэр зарласан бөгөөд нээлтэд Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, ШУТИС-ийн ректор Т.Намнан тэргүүтэй төлөөлөгчид оролцсоныг Боловсролын яам мэдээлэв.
