АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “CNN”, “MS NOW” болон “Politico” хэвлэлүүдийг Цагаан ордонд ажиллахыг хориглож буйгаа Баасан гаригт /2026.09.18/ зарлажээ. Шийдвэр нэн даруй хэрэгжиж эхэлнэ гэж Трамп мэдэгдсэн ч түүний засаг захиргаа үүнд чиглэсэн ямар нэг арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Трампын зарим албан тушаалтан хүртэл энэ мэдэгдлийг гайхаж цочирдон хүлээж авчээ.

Баасан гаригийн оройны байдлаар “CNN”-ийн сурвалжлах баг Цагаан ордон дахь ажлын байрандаа ажлаа хийж байжээ. Мөн өдөр нь тэд дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнсийг дагалдан сурвалжлагад явсан байна.

АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөөр хамгаалагдсан хэвлэлийн эрх чөлөөг хамгаалдаг тэргүүлэх байгууллагууд Трампын хоригийг эсэргүүцэж байна. Трампын овоо хараанд өртсөн хэвлэл мэдээллүүд өөрсдөө ч ижил байр суурьтай байгаа юм.

Тухайлбал, “CNN” хэвлэл “Цагаан ордонд ажиллаж буй сурвалжлах багийнхаа шударга, үнэн зөв мэдээлэл хүргэх эрх, үйл ажиллагааг бүрэн дэмжиж байна. АНУ-ын Үндсэн хуулийн дагуу бид засгийн газрын саад тотгор, хөндлөнгийн оролцоогүйгээр мэдээлэл хүргэх эрхтэй. Хэрэв ерөнхийлөгчийн заналхийлж буй хориг хэрэгжвэл энэ нь Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан үйлдэл болно” гэж мэдэгджээ.

Харин “POLITICO” хэвлэл “Бид Цагаан ордны талаар одоо ч, ирээдүйд ч шударгаар мэдээлсээр байх болно. Бид Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөөр олгогдсон эрхийг маань хязгаарлах аливаа оролдлогыг эрс эсэргүүцнэ” гэжээ.

“MS NOW” хэвлэлийн хувьд ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Цагаан ордны сурвалжлагчдын холбоо ч Трампын онилсон эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагатай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл гаргав. Чөлөөт, тэр дундаа засгийн газрыг шүүмжилдэг хэвлэл бол манай улсын хүч чадлын бэлгэдэл гэсэн байр суурийг тэдний зарим нь илэрхийлжээ.

Трамп Баасан гаригийн үдээс хойш 15:00 цагийн орчимд “Truth Social” платформд жиргэхдээ “Тэдний мэдээллүүд дандаа ХУДАЛ байсан учир хориг тавьсан. Хэвлэл мэдээллийн байгууллагууд АНУ-ын ерөнхийлөгч, Трампын засаг захиргаа эсвэл АНУ-ын талаар мэдээлэхдээ зориуд зохиомол, худал зүйл бичих, нийтлэх ёсгүй. Бусад худал мэдээлэл түгээгч хэвлэлүүд ч мөн тэдний араас орох болно” гэжээ.

Цахим мэдэгдлээс нэг цагийн дараа Зууван танхимд болсон хэвлэлийн арга хэмжээний үеэр хоригийн талаар түүнээс дахин тодруулахад “Учир нь тэд худал мэдээлэл тараадаг. Хүмүүсийг зориудаар сөрөг мэдээлэл бичихийг зөвшөөрдөг улс оронд ямар нэг зүйл буруу байна гэсэн үг. Тэд тийм зүйл бичихийг хүсч байгаа бол болно. Гэхдээ ард түмний гэр болсон Цагаан ордонд тэднийг оруулах албагүй” гэжээ.

Үүний зэрэгцээ эдгээр хэвлэл алдаан дээрээ ажиллаж, илүү зөв мэдээлэл нийтэлж эхэлбэл хоригийг цуцалж болно гэдгийг сануулсан байна.

Ардчилсан намын олон хууль тогтоогч Трампын мэдэгдлийг буруушааж, зарим нь үүнийг завсрын сонгуулийн өмнөх дарангуйллын арга хэмжээ гэжээ. “Дональд Трамп түүхийн туршид дарангуйлагчдын хийж ирсэн зүйлийг дөнгөж сая хийлээ” гэж Сенатын цөөнхийн бүлгийн ахлагч Чак Шумер хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн