A woman holds a caricature of U.S. President Donald Trump as she attends the state-organized “Janfada,” or “Sacrifice for Iran,” military-style parade in Tehran, Iran, Friday, Sept. 18, 2026. (AP Photo/Vahid Salemi)
АНУ, Израилийн Ираны эсрэг эхлүүлсэн дайн долоо дахь сардаа үргэлжилж байна. Тэгвэл иранчууд эх орноо хамгаалахын тулд зэвсэг барин босоход бэлэн байгаагаа илэрхийлж есдүгээр сарын 18-нд анх удаа жагслаа. Засгийн газрын зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалд хэдэн зуун мянган хүн оролцжээ.
АНУ Ираны боомтуудад бүслэлт тогтоож, эдийн засгийн дарамтыг нь нэмэгдүүлэх зорилготой шинэ хориг арга хэмжээнүүд авч, эдийн засгийн нөхцөл байдал улам дордож буй энэ үед Ираны засгийн газар ард иргэдээ нэгтгэж, үндэсний эв нэгдлийг онцлон харуулахыг зорьж байна.
Тодорхой хэмжээний цэргийн сургалтад хамрагдаж, эх орноо хамгаалахаар сайн дураараа бүртгүүлсэн хүмүүсийн хөдөлгөөнийг “Ираны төлөө амиа зориулагсад” гэж нэрлэжээ. Тэд цэргийн дүрэмт хувцас өмсөж, төрийн далбаа барин нийслэл Тегераны төвөөр жагссан бөгөөд ард олон уухайлан дэмжсэн байна. Сүүлийн хэдэн өдрийн турш төрийн хэвлэлүүд иранчуудыг уг хөдөлгөөнд нэгдэхийг уриалж, автомат буугаар буудах сургалт удахгүй эхэлнэ гэж мэдээлжээ. Эдгээр сайн дурынхан нь Хувьсгалт гвардын хагас цэрэгжсэн хүчин болон Басижийн нэмэлт хамгаалалтын давхарга болно.
Хувьсгалт гвардын командлагч, генерал Хассан Хассанзадегийн мэдээлснээр, уг хөдөлгөөнд нэгдэхээр 600 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд нийт нэг сая гаруй хүн сургалтад хамрагдана гэж найдаж байгаа аж. Баасан гаригийн байдлаар 300 мянга гаруй хүн гудамжинд жагсчээ.
Түүнчлэн энэхүү жагсаал нь Иранд цэргийн техник хэрэгслээ олон нийтэд харуулах боломж болсон байна. Тодруулбал, тус жагсаалын үеэр агаарын довтолгооноос хамгаалах зенитийн системүүд, Ормузын хоолойн халдлагуудад ашигласан дронуудаа дэлгэн үзүүлжээ.
