ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 17 /TASS/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан (ХНС) 2023 оноос хойш анх удаа бодлогын хүүг 0.25 хувиар өсгөж, 3.75-4 хувьд хүргэх шийдвэрийг санал нэгтэйгээр гаргажээ. Цаашид инфляцыг тогтоон барих зорилгоор хүүг үргэлжлүүлэн өсгөх магадлалтай байна.
ХНС-ийн дарга Кевин Уорш бодлогын хүүг өсгөх энэхүү алхмыг хийх болсон шалтгааныг тайлбарлахдаа “инфляц хэт өндөр байгаа бөгөөд энэ түвшиндээ хэт удаан хадгалагдаж байна” хэмээгээд уг шийдвэрийг “ул суурьтай”, “хариуцлагатай” гэж тодорхойлжээ.
Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Манай улс дэлхийд хамгийн найдвартай зээлжих зэрэглэлтэй тул тул бодлогын хүү нэг хувь буюу түүнээс бага байх ёстой” гэж мэдэгджээ.
Шийдвэр гарсны дараа лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Уорш хэлэхдээ, ХНС-ийн удирдлагууд ирээдүйг өөдрөгөөр харж байгаа хэдий ч инфляцын асуудал хэвээр байгааг цохон тэмдэглэсэн байна.
Төв банкууд инфляц өндөр үед хэрэглээний зардлыг хязгаарлаж, хуримтлал үүсгэхийг дэмжихийн тулд үнийн өсөлтийг сааруулах зорилгоор бодлогын хүүгээ ихэвчлэн өсгөдөг.
ХНС нь бусад Төв банкийн нэгэн адил инфляцыг 2 хувь болон түүнээс доош түвшинд барихыг зорьдог. Харин АНУ-ын инфляц энэхүү зорилтот түвшнээс “таван жил гаруй” хугацаанд давсан хэвээр байгааг Уорш онцолжээ.
Арваннэгдүгээр сард болох Конгрессынх завсрын сонгуулийн өмнө бараа, үйлчилгээний үнэ иргэдийн худалдан авах чадварт хэрхэн нөлөөлж буй асуудал нь Америкийн сонгогчдын санааг зовоож буй гол сэдвүүдийн нэг болжээ. Дизель түлшний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, бензины үнэ галлон тутамд дунджаар 4 ам.доллароос давсан байна.
АНУ, Израил хамтран Иранд цохилт өгч эхэлсний дараа дэлхийн зах зээл газрын тосны үнэ огцом өсөж, улмаар автомашины түлш болон бусад бараа үйлчилгээний үнэ өсжээ.
Уорш мэдэгдэхдээ, ХНС нь “газрын тос эсвэл дэлгүүрийн хүнсний бүтээгдэхүүн зэрэг ямар нэгэн тодорхой барааны үнэд нөлөөлж чадахгүй” хэдий ч үнийн өсөлт эдийн засагт бүх салбар нөлөөлөхөөс сэргийлж чадна гэдгийг дурдсан байна.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, хөдөлмөрийн зах зээл хүчтэй, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал сайжирсны ачаар ХНС үнийг тогтворжуулахад анхаарлаа хандуулж байгаа бөгөөд инфляц буурснаар хамгийн бага орлоготой иргэд хамгийн их хожих болно гэдгийг онцолжээ.
