Израилийн Соёлын сайд Мики Зохар “Naza” баримтат киног найруулсан Оскарын шагналт найруулагчдыг улсаасаа урвасан гэж буруутган, иргэншлийг нь цуцлахыг уриалж байна. Киноны агуулгын тухайд Израилийн армийг Газын зурваст энгийн иргэдийг олноор нь хөнөөсөн гэж буруутгадаг аж. Мөн киноны “Naza” гэх нэр нь дайныг дагалдсан хохирол гэсэн утгатай еврей хэлний товчилсон үг юм.

Израилийн цэрэг, тагнуулын байгууллагатай холбоотой нэрээ нууцалсан 24 хүн тус кинонд ярилцлага өгч оролцжээ. Кино нийт 80 минут үргэлжилнэ.

Найруулагчид болох Ювал Абрахам, Рэйчел Зор нар уг баримтат киногоороо Израилийн арми Газын зурвас дахь Палестины энгийн иргэдийг урьдчилан тооцоолсон байдлаар олноор нь хөнөөсөн гэх ажиллагааны цаадах системийг дэлгэн харуулсан гэжээ. Тодруулбал, нэг л хүнийг онилохын тулд 500 энгийн иргэний амийг золионд гаргахыг зөвшөөрсөн тохиолдол ч байсан гэдгийг ярилцлагад оролцогчдын нэг нь ярьсан аж.

Гэвч Израилийн арми уг мэдэгдлийг бүрэн худал гэж няцаасан байна.

Соёлын сайд Мики Зохар ч бас “Х” хаягаараа жиргэхдээ “Эдгээр материалыг хэрхэн олж авсан, үүний цаана хэн байгаа, мөн энэ материалуудыг олж авахын төлөө дайсантай хамссан зүйл байгаа эсэхийг мөрдөн шалгахыг эрх баригчдаас хүсч байна. Кинонд гаргасан мэдэгдлүүд худал бөгөөд бодит байдлыг гуйвуулсан байсан. Израилийн армийг санаатайгаар гэмт хэрэг үйлдэгч мэтээр дүрслэх оролдлогыг би эрс няцааж байна. Израилийн Иргэншлийн тухай хуульд зааснаар эх орондоо үнэнч байх үүргээ зөрчсөн тохиолдолд иргэншлийг нь цуцалдаг” гэжээ.

Гэхдээ Израилийн иргэншил цуцалсан тохиолдол өнөөг хүртэл маш ховор гарсан аж.

Ювал Абрахам, Рэйчел Зор нар өнгөрсөн жил Израилийн эзлэн түрэмгийлсэн Баруун эрэг дэх еврейчүүдийн палестинчуудын эсрэг үйлдсэн хүчирхийллийн тухай өгүүлдэг “No Other Land” баримтат киногоороо Оскарын шагнал хүртсэн юм.

“Naza” киноны тухайд өнгөрсөн долоо хоногт Венецийн кино наадамд нээлтээ хийж, үзэгчдээс 25 минут үргэлжилсэн алга ташилт хүлээн авчээ. Гэхдээ олон нийтэд хараахан цацагдаж амжаагүй байгаа юм. Ювал Абрахам нээлтийн үеэр киноныхоо талаар ярихдаа “Энэ бол үндсэндээ энгийн иргэдийг хөнөөсөөр ирсэн дайн. Манай кино үүнийг ямар нэгэн алдаа биш, санамсаргүй явдал биш гэдгийг харуулж байна. Энэ бол маш, маш системтэй үйл явц. Эхнээсээ л хүн бүр үүнийг ойлгох хэрэгтэй байсан юм. Харин бид үүнийг дотроос нь, эх сурвалжтайгаар харуулж байна. Манай киног гутаан доромжлох оролдлого бүр нь бодит байдалтай нүүр тулахаас зайлсхийж буй алхам” гэжээ.

Зөвхөн Соёлын сайдаар тогтохгүй бусад улс төрийн зүтгэлтэн ч “Naza” киног буруушаасан мэдэгдэл хийжээ. Тэдний дунд ерөнхий сайд асан Нафтали Беннетт, Батлан хамгаалахын сайд асан Авигдор Либерман нар багтаж байна.

Эсрэгээрээ кино урлагийн салбарын 700 гаруй хүн найруулагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлэн өргөх бичигт гарын үсэг зуржээ. Израилийн жүжигчин, кино зохиолч Шломи Элкабец “Энэ кинонд хөндсөн асуудлуудыг дарах биш, шалгаж үзэх ёстой” гэж хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн