Энхийн зөвлөл Хамас болон Газын бусад зэвсэгт бүлэглэлүүдийг “бүрэн зэвсэггүй болгох” тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв. Мөн Хамасын ахлан албан тушаалтан “BBC”-д өгсөн ярилцлагадаа тэд Газын бүсийг бүрэн зэвсэггүй болгох Энхийн зөвлөлийн төлөвлөгөөг зөвшөөрсөн бөгөөд удахгүй албан ёсны мэдэгдэл гаргана гэж онцолжээ. Израилийн тал одоогоор тайлбар хийгээгүй байна.
Трамп өөрийн “Truth Social” хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ, зэвсэг хураах ажиллагаа үе шаттайгаар хэрэгжих бөгөөд үйл явц дуусмагц Израилийн арми Газын зурвасаас цэргээ татна гэж онцолжээ. Үүний дараа Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага Газын аюулгүй байдлыг хариуцах юм байна.
Тэрбээр энэхүү тохиролцоог өөрийн дэвшүүлсэн 20 зүйлт энхийн төлөвлөгөөний хэрэгжилтийн чухал алхам хэмээн тодорхойлж, хэлэлцээг зуучилсан Египет, Катар, Турк улсад талархал илэрхийлжээ.
АНУ-ын зуучлалтай гал зогсоох хэлэлцээрийн хоёрдугаар шатанд Хамасыг бүрэн зэвсэггүйжүүлэхээс гадна Газын зурвасыг сэргээн босгох асуудал багтаж байгаа юм. Энэ хүрээнд хэлэлцээний дараагийн шатны уулзалт Египетийн Каир хотод болохоор төлөвлөж байгааг тус улсын төрийн хэвлэлүүд мэдээлжээ.
“Reuters” агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, Каир хотод өмнө нь болсон зуучлагчид болон Хамасын удирдлагын хэлэлцээ сүүлийн үед ахиц гаргасан байна. Гэвч Израилын нэгэн албан тушаалтан санал болгосон нөхцөлүүд Иерусалимын шаардлагад нийцэхгүй гэж мэдэгджээ. Мөн “The Times of Israel” сонин нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан, Хамас, Энхийн зөвлөл болон зуучлагч орнуудын төлөөлөгчид тохиролцоонд гарын үсэг зурсан гэж мэдээлсэн ч Израилийнн тал уг саналыг хангалтгүй гэж үзэж буйгаа дахин илэрхийлжээ.
Хамас энэ оны дөрөвдүгээр сард Трампын энхийн санаачилгын хүрээнд дэвшүүлсэн өмнөх зэвсэг хураах төлөвлөгөөг татгалзсан байдаг. Харин энэ сард тус бүлэглэл шинэ удирдагчаараа Халил аль-Хайяг сонгосон бөгөөд тэрбээр 2024 оны аравдугаар сард Израилын цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан Яхья Синварын халааг авсан байна.
Хамас 2023 оны аравдугаар сарын 7-нд Израильд халдлага үйлдэж, 1,200 хүн амь үрэгдэн, 251 хүнийг барьцаалсан. Үүний дараа Израиль Газын зурваст өргөн хүрээний цэргийн ажиллагаа эхлүүлсэн билээ. Хамасын хяналт дахь Газын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, түүнээс хойш Газын зурваст 73 мянга гаруй хүн амь үрэгдсэний 21 мянга гаруй нь хүүхэд байжээ.