Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 15 //. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир ОХУ-ын Гэгээрлийн Орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Андрей Алексеевич Корнеевтэй өнөөдөр уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын ерөнхий боловсролын салбарын хамтын ажиллагаа, Монгол-Оросын хамтарсан сургуулиудын үйл ажиллагаа, орос хэлний сургалтын чанар, багшийн мэргэжлийн хөгжлийн талаар санал солилцов. Талууд Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн үйл ажиллагааг зохицуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн явцыг хэлэлцлээ. Тус сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд “Хилийн чанд дахь орос багш” төслийн хүрээнд ОХУ-ын 15 багш ажилласан юм.
Мөн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар ярилцав. Түүнчлэн 2026-2028 онд Монголын орос хэлний 110 багшийг ОХУ-ын боловсролын байгууллагад богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах санал болон А.И.Герцений нэрэмжит Улсын багшийн их сургуультай хэрэгжүүлж буй багшийн хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Талууд хоёр яамны ажлын түвшний уялдаа холбоог бэхжүүлж, ерөнхий боловсролын салбарын хамтын ажиллагааг тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв.
