Унгарын Будапешт хотод жүдо бөхийн “Их дуулга”-ын цуврал тэмцээн боллоо.
ДАШТ-ий өмнө болж буйгаараа онцлогтой тус тэмцээнд 67 орны 500 гаруй жүдоч өрсөлдөв. ДАШТ-д дэлхийн чансааны эхний 100-д багтсан тамирчид оролцдог журамтай болсон. Тиймээс ихэнх орон шинэ залуу тамирчдаа чансааны эхний 100-д багтаахын тулд Будапешт руу илгээжээ. Манай улсаас Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын удирдлагад эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин зодоглов.
Тэдний дунд эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэвжээндээ эргэн ирснээрээ онцлогтой. Тэрбээр энэхүү тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр 2024 оны оны Парисын олимпоос хойш анхны чансааны оноогоо авч, медалиа гардлаа. Түүний хувьд “Их дуулга”-аас медалиа зүүсэн нь энэ юм. Б.Баасанхүү Нидерланд, Испанийн бөхийг ялсан ч Японд ялагдсан. Улмаар дагах барилдаанд Турк, хүрлийн төлөө АНУ-ын жүдочийг буулган авсан юм.
Харин эрэгтэйчүүдээс 66 кг-д залуу мастер Ө.Бямбасүрэн замналдаа анх удаа “Их дуулга” медаль авсан нь мөнгө байв. Тэрбээр Серби, Украин, Азербайжан, Франц, Азербайжаны бөхийг ялсан ч финалд Болгарын тамирчинд ялагдсанаар мөнгөн медаль дээр буулаа.
Ийнхүү Будапештын “Их дуулга”-аас авсан хоёр медалийнхаа чанараар 67 орноос 14 дүгээр байрт жагсав. Энэ тэмцээнийг Япон тэргүүлж ОХУ, Израиль удаалсан бол 10 орны жүдоч алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлжээ.
