Индонезийн Сурабаяа хотоос Өмнөд Калимантан мужийн Банжармасин хот руу явж байсан гатлага онгоц Ява тэнгист осолдож, зургаан хүн нас барсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. 119 метр урттай гатлага онгоц хамгийн сүүлд Ням гаригийн /2026.09.13/ 02:00 цагийн орчимд Банжармасинаас 150 км зайд байсан байна. Нийт 213 зорчигч, хөлгийн багийн 30 гишүүн аялалд гарснаас 107-г нь аварч, 130 хүн сураггүй хэвээр байна.
Ослын газар руу аврах ажиллагааны хөлөг, нисдэг тэргүүдийг илгээсэн бөгөөд 280 алба хаагч ажиллаж байна. Ява тэнгисээр дамжин өнгөрч буй бүх хөлөгт сураггүй болсон хүмүүсийг анзаарч харж явахыг сануулжээ.
Гатлага онгоц Сурабаяа хотоос Бямба гаригийн /2024.09.12/ 10:33 цагт хөдөлсөн бөгөөд Банжармасинд Ням гаригийн 14:00 цагт очих товтой байв. Эргийн албаныхан тусламж хүссэн мэдээллийг 04:10 цагийн үед анх хүлээж авчээ.
Осолдсон онгоц дээр төрөл садны найман ч хүн нь зорчиж явсан гэх Русмилавати хэлэхдээ “Тэд Явад байдаг Исламын нэрт эрдэмтдийн бунханд зочилчихоод буцаж явсан. Эхлээд нисч очсон боловч буцахдаа хөлөг онгоцоор аялахыг хүссэн. Тэднийг аварсан талаар албан тушаалтнуудаас мэдээ ирээгүй л байна. Хамгийн сүүлд нэг хамаатан маань цахим сүлжээндээ ‘Өнөө орой давалгаа аймшигтай байна. Аль эсвэл хөлөг онгоцоор явахад угаасаа ингэдэг юм уу? Хөлөн онгоц давалгаанд цохигдон чичирч байна’ гэж бичсэн байсан” гэжээ.
Индонезийн олтриг нь 17 мянга гаруй арлаас бүрддэг бөгөөд тэдгээрийн хооронд гатлага онгоцоор ихэвчлэн зорчдог. Үүнийг дагалдаад далайн тээврийн осол ч багагүй гардаг. Засгийн газрын мэдээллээс үзэхэд сүүлийн зургаан жилийн хугацаанд хөлөг онгоцны 111 осол бүртгэгджээ.
