АНУ-ын хиймэл оюун ухааны стартап компани болох “Anthropic”-ийн гүйцэтгэх захирал Дарио Амодей хиймэл оюуны хөгжил хэт хурдассан гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор уг салбарын хөгжлийг тодорхой хэмжээнд удаашруулах шаардлагатайг анхааруулжээ.

Тэрбээр Бямба гаригт (2026.09.12)  “Бид хиймэл оюуны чадавхыг сайжруулах хурдаа удаашруулах ёстой” гэж цахим хуудсандаа нийтэлсэн байна.

Дарио Амодей хиймэл оюун ухаан нь маш хүчирхэг технологи учраас түүнтэй холбоотой эрсдэл ч өндөр байгааг онцолжээ. Тухайлбал, хиймэл оюуны системийг хүн хянах боломжгүй болох, кибер халдлага болон биотерроризмд ашиглах, эдийн засагт ноцтой өөрчлөлт, хүндрэл үүсгэх зэрэг эрсдэл байгааг дурдсан байна.

Түүний хэлснээр, энэ зунаас хойш хиймэл оюуны технологийн хөгжил урьд өмнөхөөсөө эрс хурдассан. Хэрэв энэ хурдад ямар нэгэн хяналт тавихгүй бол хиймэл оюуны системийг ойлгож, хянах боломжгүй болж болзошгүй гэж  Амодей анхааруулсан байна.

Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард “OpenAI” компанийн хөгжүүлж буй дэвшилтэт хиймэл оюуны загварууд өөр нэг компанийн системд кибер халдлага үйлдэж, чухал мэдээлэл олж авсан талаар мэдээлэл гарсан.

Амодейгийн санаа зовниж буй байр суурийг хиймэл оюуны салбарын бусад мэргэжилтнүүд ч мөн хэлж байна. Энэ сарын эхээр “Anthropic” компанийн нэгэн судлаач ажлаасаа гарсан.

Тэрбээр “суперинтеллект” буюу хүний оюуны чадвараас давсан хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтний амьдралд заналхийлж болзошгүй гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татсан юм.

Гэхдээ хиймэл оюуны хөгжлийг удаашруулах нь амаргүй гэж үзэж буй хүмүүс ч бий. Учир нь АНУ-ын компаниудын дотоод өрсөлдөөнөөс гадна Хятад болон бусад улс орнуудтай хийх технологийн өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байгаа юм.

Тиймээс хиймэл оюуны хөгжлийг удаашруулахын тулд компаниуд хамтран ажиллах шаардлагатай. Гэвч улс орон, компаниудын өрсөлдөөний улмаас үүнийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн