Хэдхэн хоногийн дараа Японд эхлэх Азийн наадмын тамирчдын байрлах нөхцөл урьд өмнө байгаагүй муу байгааг Өмнөд Солонгосын албаныхан мэдээллээ. Тодруулбал, тамирчдыг байрлуулах өрөө тасалгаа хомсдолтой, нөхцөл нь муу байгаа учир зарим нь “Airbnb”-ээр өрөө захиалахаас өөр аргагүй болсон аж.

Энэ удаагийн наадамд зориулсан тамирчдын тусгай тосгон байхгүй бөгөөд зохион байгуулагчид зардлаа хэмнэхийн тулд аяллын усан онгоц, түр барьсан модон сууц, зочид буудлуудад түшиглэж байна.

Чингэлэг маягийн сууцанд байрлуулсан ор нь тамирчдад богинодож, хөлөө бүрэн тэнийлгэж чадахгүй байгаа талаар Өмнөд Солонгосын сагсан бөмбөгийн холбооны удирдлага мэдээлжээ. Өмнөд Солонгосын Сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Жон Жэ Ён эрэгтэй шигшээ багийн байрлаж буй сууцанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхдээ “Миний туршлагаас харахад энэ бол урьд өмнө байгаагүй хамгийн муу нөхцөл. Хоёр метрээс өндөр тамирчид орон дээрээ хөлөө ч бүрэн тэнийлгэж чадахгүй байна. Энэ бол байж боломгүй зүйл. Зохион байгуулагчдад асуудлыг дэвшүүлж тавьсан ч хариу өгөөгүй, тайлбар хийгээгүй” гэжээ.

Түүнчлэн Энэтхэг улс тамирчдаа байрлах сууцанд нь дасгахын тулд ижил загварын сууц хүртэл барьсан талаар “Al Jazeera” мэдээлжээ.

Стандартын бус сууцнуудад тамирчид наадам үргэлжлэх хугацаанд буюу 14-ээс дээш хоногоор байрлана. Гэтэл энэ удаагийн Азийн наадамд 17 мянга гаруй тамирчин, албаны хүн оролцох төлөвтэй байгаа нь Олимпын наадмаас ч өндөр үзүүлэлт юм. Зохион байгуулагчид анх 15 мянган хүн ирнэ гэж тооцоолж байжээ. Гэтэл оролцогчдын тоо эрс өссөн учир үүнийг зохицуулах хүний нөөц ч, төсөв ч байхгүй гэж өнгөрсөн сард зохион байгуулагчид мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн