БНХАУ-ын Жянсу мужийн Ляньюньган хотод “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-ын албан ёсоор эхэллээ.
Энэхүү форумд манай улсаас Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байна. Уг форумыг Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны санаачилгаар 2015 оноос “Ляньюньган форум” нэртэйгээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд олон нийтийн аюулгүй байдлын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтлэг сорилтыг хамтран даван туулах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тогтвортой хөгжил, дэвшлийг дэмжих олон улсын чухал платформ болж хөгжжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд тус форумд дэлхийн 100 гаруй орны хууль сахиулах байгууллагын удирдлага, олон улсын байгууллагын төлөөлөл, шинжээч, судлаач зэрэг 5000 гаруй төлөөлөгч оролцохдоо терроризм, цахим гэмт хэрэг, зохион байгуулалттай хил дамнасан гэмт хэрэг зэрэг уламжлалт болон шинээр бий болж буй аюулгүй байдлын сорилтыг даван туулах чиглэлээр туршлага, мэдээлэл солилцож ирсэн байна.
Энэ удаа “Олон улсын хар тамхитай тэмцэх хамтын ажиллагаа”, “Олон улсын терроризмтой тэмцэх хамтын ажиллагаа”, “Кибер аюулгүй байдлын хамтын ажиллагаа”, “Шилжилт хөдөлгөөний удирдлагын хамтын ажиллагаа”, “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах техник, технологи, тоног төхөөрөмж”, “Олон улсын цагдаагийн боловсрол, сургалтын хамтын ажиллагаа”, “Аялал жуулчлалын аюулгүй байдлын хамтын ажиллагаа”, “Олон улсын харуул хамгаалалтын үйлчилгээний хамтын ажиллагаа” зэрэг сэдвээр найман дэд форум зохион байгуулах аж. Монгол Улсаас форумд оролцож буй төлөөлөгчид холбогдох дэд форумуудад оролцож, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар туршлага солилцоно.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай хоёр талт уулзалт хийх юм. Монгол, Хятадын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх, шинэ төрлийн болон цахим гэмт хэрэгтэй тэмцэх, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн форумд оролцож буй бусад улсын дотоод хэргийн сайд, холбогдох байгууллагын удирдлагуудтай хоёр талт уулзалт хийж, Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох асуудлаар санал солилцоно.
