Монгол Улс энэ оны эхний 8 сард 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 22.8 тэрбум ам.доллар болсон байна.
Үүнээс экспорт 14.4 тэрбум, импорт 8.4 тэрбум ам.доллар болж, тэнцэл 6 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 36.8 хувь буюу 6.1 тэрбум, экспорт 57.2 хувь буюу 5.2 тэрбум, импорт 11.9 хувь буюу 891.2 сая, тэнцэл 3.6 дахин буюу 4.3 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
Экспорт энэ оны эхний 8 сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.2 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд зэсийн хүдэр, баяжмал 2.8 тэрбум, нүүрс 1.9 тэрбум, боловсруулаагүй, хагас боловсруулсан алт 255.6 сая, самнасан ноолуур 97.1 сая, гянтболдын хүдэр, баяжмал 53.9 сая, хар тугалганы хүдэр, баяжмал 40.7 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Харин тунгаасан зэс ба хайлш 46.7 сая, молибдений хүдэр ба баяжмал 22.8 сая, адууны мах 8.6 сая, хонь, ямааны мах 6.2 сая ам.доллараар багассан байна.
Импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 891.2 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 407.6 сая, авто бензин 73.4 сая, бульдозер, экскаватор 56.2 сая, шинэ дугуй 48.6 сая, хар төмөр бүтэц, эд анги 36.6 сая ам.доллароор нэмэгджээ. Харин суудлын авто машин 108.6 сая, ачааны авто машин 47.1 сая, ухаалаг гар утас 16 сая ам.доллароор буурсан байна.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс, нэхмэл эдлэлийн экспорт нийт экспортын 97.6 хувийг эзэлж байгаа бол импортын 70.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байв. Алтны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс унц тутамд 1438, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 1223.5, нүүрснийх 3.2 ам.доллароор нэмэгдэж, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 1.2 ам.доллароор багасжээ.
БНХАУ-д экспортолсон барааны 40.7 хувийг нүүрс, 47.1 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.6 хувийг боловсруулаагүй, хагас боловсруулсан алт бүрдүүлсэн байна.
Импортын хувьд БНХАУ 41, ОХУ 27.5, Япон Улс 9.1, БНСУ 3.9, АНУ 3.1, ХБНГУ 2.2 хувийг эзэлж, нийт импортын 86.7 хувийг бүрдүүлжээ. ОХУ-аас импортолсон барааны 75.4 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Японоос импортолсон барааны 76.8 хувийг суудлын авто машин, БНХАУ-аас импортолсон барааны 5.7 хувийг ачааны авто машин эзэлж байна. Авто бензиний импорт оны эхний 8 сард 619.4 мянган тонн хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.1 хувиар, дизель түлшний импорт 1.3 сая тонн хүрч, 5.7 хувиар өсжээ.
