Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан ОХУ-ын гавьяат зураач, Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонт Федор Семенович Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ.
Энэхүү үзэсгэлэнг дээр музейгээс гадна ОХУ-ын Алтайн хязгаарын засгийн газар, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Монголын урчуудын эвлэл, Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков, Монгол, Оросын баатар Ж.Гүррагчаа тэргүүтэн оролцлоо.
Ф.С.Торхов 2005 онд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт 68 бүтээлээ бэлэглэж байсан түүхтэй. Тэрбээр манай улсад найм дахь удаагаа үзэсгэлэнгээ гаргасны тавд нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтарчээ. Тэгвэл өнөөдрийн үзэсгэлэнд Ф.С.Торховын 1970-аад оны эхэн үеэр 2000-аад оны эхэн хүртэл 30 жилийн бүтээлээс дээжлэн хүргэж байгаа аж. Монгол орныг Ф.С.Торхов хоёр дахь эх орноо гэж үздэг байсан нь бүтээл туурвилын нэгэн хуудаст Монгол орны өвөрмөц давтагдашгүй онцлогийн тухай өгүүлсэн уран зургийн түүхэн он тооллын бичлэг болон үлдсэн. Энэхүү үзэсгэлэнгээс зураачийн өнгөрсөн он жилүүдэд туурвисан уран бүтээл, хөрөг зураг, монгол түмний эгэл амьдралын хэв маяг, байгалийн сайхан, монгол хүний дүр төрхийг тод томруун дүрслэн харуулжээ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь сан хөмрөгийн баялаг цуглуулгад тулгуурлан Монголын төдийгүй гадаад улс орнуудын урлаг, соёл, түүхийг илтгэх дурсгалт зүйлсийг олон нийтэд таниулах, соёл хоорондын харилцаа, харилцан нөлөөлөл болон түүхэн хөгжлийн талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж иржээ.
