Японы Айчи муж, Нагояа хотод зохион байгуулах Азийн зуны спортын XX наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдрөөс эхэлж байна.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. 10 хоног үргэлжлэх тус тоглолт “Айчи” олон улсын аренад болно болох аж. Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг чансааны оноо хүрээгүй учраас энэ удаагийн Азийн наадмыг өнжсөн юм.
Тэгвэл эмэгтэйчүүдийн тэмцээн энэ сарын 17-нд эхлэх бөгөөд Монголын шигшээ баг энэ сарын 15-нд Японыг зорихоор бэлтгэлээ базааж байна. Монголын шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын C хэсэгт БНСУ, Хятадын Тайвань, Малайзын багтай багтсан байна. Тэд эхний тоглолтдоо энэ сарын 18-нд Хятадын Тайванийн багтай таарлаа. Тоглолт Японы цагаар 13:00, Улаанбаатарын цагаар 12:00 цагт “Айчи” олон улсын аренад болох тов гарчээ. Үүний дараа Монголын баг энэ сарын 21-нд БНСУ, 22-нд Малайзын багтай хэсгийн шатны тоглолтоо хийнэ. Манай эмэгтэй баг өмнө нь “Инчеон-2014”, “Жакарта-2018”, “Ханжоу-2022” Азийн наадамд оролцож байсан бол “Айчи-Нагояа 2026” дөрөв дэх нь болж байна.
Азийн наадмын сагсан бөмбөгийн түүхэнд эрэгтэйчүүдийн төрөлд БНХАУ найм, Филиппин тав, БНСУ дөрөв түрүүлжээ. Харин эмэгтэйчүүдээс БНХАУ долоо, БНСУ дөрөв, Япон хоёр удаа алтан медаль хүртсэн байна.
