Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд санхүү, нийцлийн аудит эхлүүлсэн байна.

Нээлтийг өчигдөр Тусгай чиг үүргийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Д.Баярсайхан хийж, шалгагдагч байгууллагуудын төлөөлөлд аудитын зорилго, хамрах хүрээ, төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулжээ. Тус аудитаар COP17 бага хурлыг зохион байгуулахад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр, төлөвлөлт, төсөвт тусгасан байдал, төсвийн хөрөнгийн зарцуулалт хууль тогтоомжид нийцсэн эсэх, мөн санхүүжилт, зарцуулалтын үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгнө.

Аудитад COP17-г зохион байгуулах Үндэсний хороо, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллагыг хамруулахаар төлөвлөсөн байна.

Энэ хүрээнд 2023-2026 онд дээрх байгууллагуудаас гаргасан шийдвэр, бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн анхан шатны баримт, худалдан авах ажиллагааны гэрээ болон бусад холбогдох баримт материалыг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх аж.

Аудитын нээлтийн үеэр шалгагдагч болон хамрагдагч байгууллагуудын төлөөлөлд аудитын үйл ажиллагаанд шаардлагатай баримт, мэдээллийг үнэн зөв, бүрэн гаргаж өгөх, аудитын багтай хамтран ажиллахыг онцлон дурдлаа.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн