АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 11-ний террорист халдлагын 25 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр тус халдлагын дараах өөрийн дурсамжийг ярьжээ. Мөн өөрийн засаг захиргааны эдийн засгийн амжилтыг онцолсон байна.
Тэрбээр өчигдөр (2026.09.08) Цагаан ордны ойролцоох Эллипс талбайд болсон дурсгалын арга хэмжээнд оролцсон. Энэ үеэр 2001 оны халдлагын үеэр нурсан Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийн ган бүтцийн нэг хэсгийг дэлгэн үзүүлжээ. Трамп уг төмрийг “ямар ч галд шатахгүй, ямар ч муу зүйлд дийлдэхгүй, ямар ч терроризмд сүйрэхгүй Америкийн хүч чадлыг сануулж буй зүйл” гэж тодорхойлсон байна.
Үүний дараа тэрбээр халдлагын дараахан Дэлхийн худалдааны төвийн орчимд байсан гэх өөрийн дурсамжийг ярьжээ.
Трампын хэлснээр, тухайн үед ойролцоох “U.S. Steel Building” барилгаас чимээ гарч, нурж магадгүй гэж хүмүүс айж байсан аж. Тэрбээр хоёр гал сөнөөгч өөрийг нь барилгын ойролцооноос холдуулахын тулд суганаас нь өргөн авч гүйсэн гэж ярьсан байна.
“Тэд намайг өргөж аваад гүйсэн. Би ‘Залуус аа, би өөрөө гүйж чадна’ гэж хэлсэн. Гэхдээ тэд үнэхээр гайхалтай байсан” хэмээн Трамп дурсжээ.
Трамп энэ түүхийг өмнө нь ч ярьж байсан. Тухайлбал, 2016 онд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр үг хэлэхдээ 9/11-ий халдлагын дараа хоёр гал сөнөөгчийн дэргэд зогсож байх үед барилга нурах гэж байгаа мэт чимээ гарч байсан гэж ярьжээ. Гэвч тухайн үед газар дээр ажиллаж байсан аврах анги болон гал сөнөөгчид Трампыг ослын бүсэд харж байсан гэж ярьдаггүй байна.
Трамп халдлагын дараахан Дэлхийн худалдааны төвийн орчимд байсан гэх мэдэгдлийг олон удаа хийж ирсэн. Мөн өөрийн барилгын төслөөс ажилчид гаргаж аврах, нуранги цэвэрлэх ажилд оролцуулахаар илгээсэн гэж ярьдаг.
Трамп энэ удаагийн арга хэмжээний үеэр 2001 оны халдлагын тухай дурсамжаас эдийн засгийн асуудал руу шилжиж, АНУ өнөөдөр урьд өмнөхөөсөө илүү хүчирхэг болсон гэж мэдэгджээ. Тэрбээр хөрөнгийн зах зээлийн өсөлтийг онцолж, ажиллах хүчний оролцооны түвшин түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэх боловч баталгаажаагүй зарим тоо баримтыг дурдсан байна.
Есдүгээр сарын 11-ний халдлагаар АНУ-д бараг 3,000 хүн амиа алдсан юм. Трамп халдлагын 25 жилийн ойг тохиолдуулан хэд хэдэн арга хэмжээнд оролцоно. Тухайлбал тэрбээр Баасан гаригт Пентагонд болох дурсгалын арга хэмжээнд үг хэлэхээр төлөвлөжээ. Гэхдээ Трамп Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн дурсгалын арга хэмжээнд оролцохгүй. Түүний оронд дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс оролцох юм.
