Трамп: Коммунизм бол хамгийн том аюул

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коммунизмыг Дэлхийн I, II дайн, Сувдан эргийн халдлага, 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойших тус улсад нь тулгарч буй хамгийн том аюул заналхийлэл хэмээн мэдэгджээ. Тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Нью-Йорк хотын захирагчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан Зохран Мамданиг социализмын “нүүр царай” болж байгаа талаар байр сууриа илэрхийлсэн юм. Эл үеэр тэрбээр “Энэ бол социализм биш, харин коммунизм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Үүний дараа Трамп “ Энэ бол манай улс байгуулагдсанаас хойших хамгийн том аюул заналхийлэл гэж би бодож байна. Үүнд Дэлхийн I, II дайн, есдүгээр сарын 11-ний халдлага, Сувдан эргийн довтолгоо бүгд орно. Гэсэн хэдий ч энэ бүгдээс ч илүү том аюул гэж би үзэж байна. Хүмүүс намайг ингэж хэлэхэд шоолж магадгүй. Харин ухаалаг хүмүүс ‘Түүний зөв ч байж магадгүй’ гэж хэлэх болно. Энэ бол үндсэндээ АНУ-д коммунизмыг нэвтрүүлэх гэсэн оролдлого” гэж мэдэгджээ.

Түүний энэхүү мэдэгдэл олон нийтийн сүлжээнд өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд түүхч Рут Бен-Гиат “X” платформ дээр  “Дэлхийн хоёрдугаар дайны талаар түүнд хэн нэгэн тайлбарлаж өгөх болов уу?” хэмээн ёжилсон байна. Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Трампын шүүмжлэл нь Нью-Йорк хотын захирагч Зохран Мамданигийн өсөн нэмэгдэж буй улс төрийн нөлөөтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Мамданигийн дэмжсэн ардчилсан социалист үзэл баримтлалтай хэд хэдэн нэр дэвшигч анхан шатны сонгуульд ялалт байгуулжээ. Түүнчлэн Нью-Йорк хотын Түрээсийн зохицуулалтын зөвлөл түрээсийн үнийг царцаах шийдвэр гаргасан. Энэ нь Мамданигийн сонгуулийн гол амлалтуудын нэг болох түрээсийн зохицуулалттай орон сууцанд амьдардаг иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдүүлсэн байна. Улмаар зөвлөлийн шийдвэрийг ч Трамп мөн шүүмжилжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW REPUBLIC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн