БЭЭЖИН, 2026 оны есдүгээр сарын 9 /NHK/. Хятадын Засгийн газар хагас дамжуулагч үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодис болох дихлорсиланыг Японоос импортлоход үндсэндээ татвар ногдуулж байгаатай адил арга хэмжээ авахаа мэдэгджээ.
Хятадын Худалдааны яамнаас мэдэгдэхдээ, Японоос нийлүүлж буй дихлорсиланы үнийг үндэслэлгүй доогуур барьж байгаа нь дотоодын үйлдвэрлэгчдэд хохирол учруулж байна гэжээ. Иймд импортлогчдоос 80.8 хувиас 99.2 хүртэлх хувийн нэмэлт барьцаа байршуулахыг шаардана. Энэхүү шаардлага нь Японы “Shin-Etsu Chemical” болон бусад үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнд хамаарах ажээ.
Хятадын Худалдааны яам импортын бүтээгдэхүүний үнийн асуудлыг шалгаж эхэлснээ өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдэж байв.
Үүнээс өмнө Бээжин Япон руу хийх экспортод, тухайлбал газрын ховор элемент, цэргийн болон иргэний зориулалтаар ашиглах боломжтой гэж Хятадын тал үзэж буй бусад бүтээгдэхүүний экспортод хязгаарлалт тогтоосон юм.
Эдгээр хязгаарлалтыг Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ өнгөрсөн оны сүүлчээр парламентын чуулганы үеэр Тайванийн эргэн тойронд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлсний дараа хэрэгжүүлсэн байна.
