Монголын үндэсний спорт, нүүдэлчин ард түмний өв соёл, уламжлалыг олон улсад сурталчлан таниулах зорилготой “Mongolian National Sports Parade-Busan 2026”-г Солонгосын Бусан хотын Хэүндэ дүүрэгт зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар тус хорооны ерөнхийлөгч Т.Түмэндэлгэр “Монголын үндэсний спортын гайхамшиг, сүр хүч, өв уламжлалыг олон улсын тавцанд цуурайтуулах нь биднийн баярын жагсаалын гол зорилго юм. Жагсаал маань Өмнөд Солонгосын томоохон аялал жуулчлалын төв болох Бусан хотод энэ сарын 12-ны ням болно. Жагсаалд манай хороонд бүртгэлтэй 17 спортын шилдэг тамирчид, удирдлагууд мөн монгол бөхийн аварга, арслан, үндэсний сурын дархан, даян мэргэн, шагайн харвааны үлэмж дархан мэргэн гэх зэрэг олон алдартан оролцох гэж байна. Мөн “Physical Asia” шоуны оролцогч уран нугараач Э.Лхагва-Очир, холимог тулаанч Б.Энх-Оргил нар оролцоно. Солонгост аялан тоглолт хийж байгаа Үндэсний урлагийн их театрын баг хамт олон жагсаалд хүч нэмж оролцох гэж байгааг дуулгахад таатай байна. Энэ боломжийг ашиглаад Солонгост амьдарч байгаа иргэдээ жагсаалд оролцох боломжоор бид хангана. Тиймээс иргэдээ энэ жагсаалд өргөнөөр оролцохыг уриалж байна” гэв.
Үндэсний өв соёл, спортоо сурталчлах үйл ажиллагаад улсын аварга Г.Эрхэмбаяр, арслан Б.Бат-Өлзий, Монгол Улсын Гавьяат тамирчин, үндэсний сурын дархан мэргэн Х.Даваажаргал, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмын түрүү харваач, улсын мэргэн Х.Болдбаатар, С.Тогоохүү тэргүүтэй үндэсний спортын 45 тамирчин жагсаалд албан ёсоор оролцохоо мэдэгджээ.
Үндэсний спортоо сурталчлах зорилготой энэ төслөө аялал жуулчлалын хөгжүүлэх бодлоготой уялдуулж байгаа аж. Аялал жуулчлалын томоохон төв болох Бусан хотоор дамжуулан үндэсний спортыг шинэ, өвөрмөц чиглэл болгон сурталчлах бөгөөд зөвхөн парад бус соёлын дипломат ажиллагаа юм гэдгийг зохион байгуулагчид хурлын төгсгөлд онцоллоо.
