Германы мужийн сонгуульд хэт барууны нам яллаа

Германы Саксони-Анхальт мужийн сонгуульд хэт барууны үзэлтэй, цагаачлалын эсрэг байр суурьтай “Германы төлөөх альтернатив” (AfD) нам ялалт байгууллаа. Тус нам дэлхийн хоёрдугаар дайны дараа мужийн сонгуульд тэргүүлсэн анхны хэт барууны нам болж байна.

“AfD” намын тэргүүлэх нэр дэвшигч Ульрих Зигмунд Элон Маскт талархал илэрхийлжээ. Учир нь Маск “AfD” намын үүсгэн байгуулагчдын нэг Алис Вайделийн сонгуулийн амжилтыг “X” платформд нийтэлсэн нь дэмжигчдийн тоог нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа аж.

“AfD” нам сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хуучин Зүүн Германы үеийг дурсах хандлага болон тус бүс нутгийн иргэд эрх баригчдад сэтгэл дундуур байгааг ашиглан дэмжлэгээ нэмэгдүүлэхийг зорьжээ. Мөн цагаачдыг олноор нь буцаах, албадан гаргах бодлого хэрэгжүүлэх, сургуулиудад солонгон өнгийн далбаа байрлуулахыг хориглох, шинэ салхин цахилгаан станц барихыг зогсоох зэрэг амлалт өгсөн байна. Түүнчлэн мужийн “Орчин үеийг сэтгэ” уриаг “Германчуудаа сэтгэ” болгон өөрчилж, сургуулиудад дахин төрийн дуулал дуулах бодлого нэвтрүүлэхийг зорьж байгаа аж.

Гэхдээ “AfD” нам сонгуульд ялсан ч мужийн парламентын олонх болох хэмжээний суудал авч чадсангүй.

Тус нам нийт 83 суудалтай парламентын 39 суудлыг авч, олонх болохоос гурван суудлаар дутжээ. Ингэснээр “AfD” дангаараа мужийн засгийн газар байгуулах боломжгүй болсон байна. Германы уламжлалт улс төрийн намууд “AfD”-тэй хамтран ажиллахаас татгалздаг бөгөөд энэ байр суурийг улс төрд “галт хана” гэж нэрлэдэг.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн урьдчилсан дүнг ямар нэг тайлбаргүйгээр өөрийн “Truth Social” хуудсанд нийтэлжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев Трампын нийтлэлийг шейрлэж, “AfD” намын ялалтыг “түүхэн ялалт” хэмээн сайшаасан байна.

“AfD” нам нь ОХУ-тай ойр байр суурьтай гэдгээрээ шүүмжлэлд өртдөг. Тус нам Украинд үзүүлж буй Германы дэмжлэгийг зогсоох, Германд амьдарч буй украин иргэдэд олгож буй дүрвэгчийн статусыг цуцлах бодлогыг дэмждэг байна.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн