Улс орнуудын гудамж талбай дахь самбаруудад ихэвчлэн улстөрчид, жүжигчид, эсвэл удирдагчдын зураг залаатай байдаг. Харин Хятадад бол үгүй. Хятадууд эрдэмтэн мэргэдээ үндэсний хэмжээнд алдаршуулан онцолж байна. Тус улс гудамж талбай, худалдааны төвүүдээр байршуулсан цаасан болон дижитал сурталчилгааны самбарууддаа алдартай эрдэмтдийн зургийг тавих болжээ.
Тодруулбал, пуужингийн эрдэмтэн Цянь Сюэсэн, Нобелийн шагналтан Тү Юөүюү, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн Юань Лонпин зэрэг алдартай эрдэмтдийн зураг хийсэн бүтээсэн амжилттайгаа хамт тэдгээр самбарт заларч байна.
Энэ бол эрдэмтдийг бусад алдартай хүмүүсийн нэгэн адил магтан дуулах гэсэн Хятадын засгийн газрын кампанит ажил юм. Улс даяар тархахаасаа өмнө уг кампанит ажил Шаньдун мужаас эхэлжээ. Шаньдун мужийн эхлэл хүмүүст хүчтэй нөлөөлж, ард иргэд тэдгээр самбарын өмнө байнга зургаа авхуулах болсон байна.
Эрдэмтдийг алдаршуулах энэхүү кампанит ажлын талаар Энэтхэгийн иргэн Санжай Гоэл цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр уртаас урт нийтлэлдээ Энэтхэг, Хятад хоёр улсыг харьцуулсан байв. Ингэхдээ энэтхэгчүүд Covid-19-ийн анхны вакцин “Covaxin”-ы ард байгаа гол эрдэмтдийн талаар огт мэддэггүй талаар жишээ татсан байх аж.
Тэрбээр “Улстөрчид, крикетийн тамирчид, жүжигчдийн зураг болон бусад тоо томшгүй олон зар сурталчилгааг та нар харах боломжтой. Гэтэл одоо энэ бүхэн өөрчлөгдөж байна. Иргэд армийн офицер, эрдэмтэд, инженерүүд, эмч нар, судлаачдын царай төрхийг харахаар болж байна. Тэдний нэрийг, гаргасан амжилтыг нь алдаршуулж байна. Тэдний улс орондоо оруулсан хувь нэмрийг магтан дуулж байна. Энэ нь алсдаа хүүхдүүдэд эерэгээр нөлөөлнө. Хүүхдүүд том том самбарууд дээрээс эрдэмтдийн талаар унших, мэдэх боломжтой болж байна. Хятад улс эрдэмтдийнхээ зургийг хамгийн олон хүнтэй, арилжааны бүсүүддээ байршуулсан байна. Энэтхэг улсад ч бас өөрсдийн гэсэн шүтээнүүд бий. Мэдээж улстөрчид, жүжигчид, тамирчдыг алдаршуулахад буруу зүйл байхгүй. Гэхдээ тэдэнтэй зэрэгцээд улс орондоо нээлт хийсэн, хувь нэмрээ оруулсан эрдэмдтийн зураг байвал хүүхдүүд олж харна шүү дээ” гэжээ.