Монтенегрогийн улс төрийн шинэ өнгө төрх – Яков Милатович

УЛААНБААТАР, 2026 оны есдүгээр сарын 8 //. Ердөө 36 насандаа ерөнхийлөгчөөр сонгогдсон Яков Милатович Монтенегрогийн улс төрд шинэ үеийн өнгө төрхийг авчирсан нэгэн юм. Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Европын нэр хүндтэй их сургуулиудад суралцаж, олон улсын санхүүгийн байгууллагуудад ажиллан мэргэжлийн арвин туршлага хуримтлуулжээ. Түүний улс төрийн замнал эдийн засгийн шинэчлэлээс эхэлж, олон жил төрийн эрх барьсан Мило Жукановичийг ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар улам тодоссон байна. Улс төрийн тавцанд харьцангуй хожуу гарч ирсэн ч богино хугацаанд улсынхаа хамгийн өндөр албан тушаалд хүрчээ.

Яков Милатович 1986 оны 12 дугаар сарын 7-нд тухайн үеийн Югославын бүрэлдэхүүнд багтаж байсан Черногорын нийслэл Титоград хотод төржээ. Титоград хотыг 1992 онд Подгорица хэмээн нэрлэсэн байна.

Тэрбээр Подгорица дахь Черногорын их сургуулийн Эдийн засгийн факультетийг төгсөж, улмаар АНУ-ын Иллинойсын их сургууль, Австрийн Вена хотын Эдийн засаг, бизнесийн их сургууль, Италийн “Сапиенца” их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. Мөн Их Британийн Оксфордын их сургуулийг эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн байна.

Эдийн засагчаас улс төрд хөл тавьсан нь

Я.Милатович мэргэжлийнхээ ажлын гарааг Словенийн санхүүгийн томоохон компани болох “NLB Group”-ийн Черногор дахь салбарын эрсдэлийн удирдлагын нэгжид эхлүүлжээ. Дараа нь Франкфурт дахь “Deutsche Bank”-ны мөн адил чиглэлийн нэгжид ажилласан байна.

Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны /ЕСБХБ/ Подгорица дахь салбарын эдийн засгийн шинжилгээний багт 2014 онд шилжин ажиллаж, 2018 онд Румыний Бухарест хот дахь салбарт Европын Холбооны орнууд хариуцсан ахлах эдийн засагч болжээ.

Я.Милатович 2020 оны 12 дугаар сараас 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл Здравко Кривокапичийн тэргүүлсэн мэргэжлийн Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажилласан байна. Энэ хугацаанд тэрбээр Сангийн сайд Милойко Спаичтай хамтран эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой “Европ одоо” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ажил олгогчдоос ажилтнуудынхаа эрүүл мэндийн даатгалд заавал төлдөг шимтгэлийг цуцалж, цалингийн санд шилжүүлснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 222 еврогоос 450 евро болж нэмэгдсэн байна.
Мөн татварын тогтолцоог өөрчилж, 700 еврогийн орлогыг хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх босго тогтоож, аж ахуйн нэгжийн ашгийн татварыг шатлалтай болгожээ. Тухайлбал, 1000 еврогоос давсан ашгийн татварыг 9 хувиас 15 хувь болгон нэмэгдүүлсэн байна.
Шинжээчдийн үнэлгээгээр уг хөтөлбөр иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг цуцалсан нь улсын эрүүл мэндийн тогтолцоонд эрсдэл үүсгэж, татварын шинэчлэл нь 2022 оны эхний найман сарын хугацаанд улсын төсөвт дор хаяж 138 сая еврогийн алдагдал бий болгоход хүргэсэн байна.
Я.Милатович, М.Спаич нар төвийн үзэл баримтлалтай “Европ одоо” улс төрийн хөдөлгөөнийг 2022 оны зургаадугаар сард байгуулж, Милатович дэд даргаар нь томилогджээ.
“Санамсаргүй нэр дэвшигч” Монтенегрогийн хэвлэлүүд Я.Милатовичийг 2023 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр “санамсаргүй нэр дэвшигч” хэмээн бичиж байв. “Европ одоо” хөдөлгөөн 2023 оны хоёрдугаар сарын 23-нд дарга М.Спаичийн оронд түүнийг нэр дэвшүүлжээ. Учир нь М.Спаич 2006 онд Монтенегро тусгаар тогтнолоо зарласнаас хойш Сербийн иргэншил давхар авсан нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр Сонгуулийн төв хороо түүний нэр дэвших эрхийг хассан байв. 
Гэвч “санамсаргүй” нэр дэвшигч гэгдэж байсан тэрбээр 2023 оны гуравдугаар сарын 19-нд болсон сонгуулийн эхний шатанд 28.9 хувийн санал авч, тухайн үеийн Ерөнхийлөгч Мило Жукановичийн дараа хоёрдугаарт орсон байна. Улмаар дөрөвдүгээр сарын 2-нд болсон хоёр дахь шатны сонгуульд 36 настай Милатович 58.88 хувийн санал авч ялжээ. Түүний ялалт тус улсын олон жилийн улс төрийн тогтолцоонд өөрчлөлт авчирсан үйл явдал болсон юм.
Тэрбээр “Монтенегрогийн бүх иргэний Ерөнхийлөгч” байхаа, бүрэн эрхийнхээ таван жилийн хугацаанд тус улсыг Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх үйл явцыг түргэсгэх (2010 онд нэр дэвшигчийн статустай болж, 2012 оноос хэлэлцээ хийж эхэлжээ), төрийн байгууллага дахь авлига, танил талын тогтолцоог халах, дундаж цалинг 1000 еврод хүргэхээ амлажээ.
Я.Милатович НАТО дахь  Монтенегрогийн гишүүнчлэлийг (2018 онд тус эвсэлд нэгдсэн) хадгалахыг, мөн “Европын баруун Балканы орнуудтай” харилцаагаа хөгжүүлэхийг дэмждэг ба нийгэмд Сербийн эсрэг үзэл санаа дэвэргэхийг шүүмжилдэг.
Хэдийгээр түүнийг “иргэдэд дөрвөн оронтой тоо бүхий цалин амлагч, барууны популист, хоосон мөрөөдөгч” хэмээн шүүмжлэгсэд байдаг ч зарим хэвлэл, улс төр судлаачид “эрх чөлөөний туяа”, “бүс нутгийн найдварын гэрэл” хэмээн бичсэн нь бий.
Я.Милатович англи, итали, испани хэлтэй. Тэрбээр өөрийнхөө хамгийн сайн чанарыг 2005 онд “амжилтад хүрэх тэмүүлэл” гэж тодорхойлж байжээ. Тэрбээр Сербийн Үнэн алдартны сүмд (хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан Серби, Черногор, Босни ба Херцеговина, Словени, Хорват улсуудад үйл ажиллагаа явуулдаг) харьяалагддаг. Гэр бүлтэй, гурван хүүхэдтэй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн