Индонезын нийслэл Жакарта хотыг Анак-Кракатау галт уулын үнс бүрхжээ. Есдүгээр сарын 4-ний оройноос эхэлсэн дэлбэрэлтийн үеэр галт уулнаас халуун хайлмаг цацагдаж, Бантен, Лампунг, Баруун Ява мужуудад нүргэлэх чимээ, газар хөдлөлт мэдрэгдсэн байна.
Индонезын Геологийн агентлаг аюулын дөрвөн шатлалын гуравдугаарыг зарлаж, галт уул руу зүглэхийг хориглосон. Жакарта хотын оршин суугчид ням гаригийн өглөө /2026.09.06/ агаарт хөвж буй үнсний тоосонцрыг харж, дүрс бичлэг хийж олон нийтийн сүлжээнд тавьжээ. Хүмүүс үнсээс эмээж, аль болох гадагш гарахгүй байх, шаардлагатай тохиолдолд амны хаалт зүүхийг бие биедээ уриалж байна.
Үнсний улмаас Жакартын Сукарно-Хатта олон улсын нисэх буудал үйл ажиллагаагаа түр зогсоож, 30 гаруй нислэг хойшилжээ. Буудлыг эхлээд 01:30-05:30 цагийн хооронд хаасан ч дараа нь хязгаарлалтыг 09:30 цаг хүртэл сунгасан.
Хиймэл дагуулын зурагт галт уулын үнс, усны уур, хүхрийн давхар ислээс бүрдсэн асар том үүл Ява арлын баруун тийш сунан тогтсон нь харагдсан байна. Анак-Кракатау галт уул нь Ява, Суматра арлын хоорондох Сундагийн хоолойд байрладаг. Мөн 1883 онд асар их сүйрэл дагуулсан Кракатау галт уулын суурин дээр бий болсон. 2018 онд тус уулын нэг хэсэг нуран цунами үүсэж, олон зуун хүн нас барж байжээ.