Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ,
Өнөөдөр монгол айл өрх, монгол хүн мах, гурил, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, түлш шатахуун, тог дулааны хомсдол, ахуй амьдралын зовлон бэрхшээлтэй өдөр тутам тулгарч байна. Монгол Улсын Засгийн газар олон түмэнтэйгээ зовлон жаргал нэгтэй байж, үнийн өсөлтийн шуурганаас хамгаалахын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх үүргээ ухамсарлан ажиллаж байна. Тийм ч учраас сайд нарын зардлаас 1,4 их наяд төгрөг танаж, шинэ оныг хүлээхгүйгээр 11-р сарын 1-нээс эмч, төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин нэмэх, ахмад настан бүрд баталгаа болгон, шинээр суурь тэтгэвэр олгох зэрэгт зориулах 2026 оны төсвийн тодотголоо өргөн барилаа.
Дэлхийн цаг төр хурцадмал, олон улсад хүнс, түлш шатахууны үнэ өсөж, худалдаа, тээвэр, нөөц, нийлүүлэлтийн хомсдол нүүрлэж байгаа ч бид бусдад буруу чихэж, шалтаг тоочихгүй. Цагийн юмыг цагт нь шийдээгүй, холын хараа, хариуцлага дутсан, олон жил дуусгалгүй ярьсаар ирсний өр төлөөсийг өнөөдөр улс орноороо төлж, айл өрх бүр өртөн хохирч байна. Экспортын эрэлт буурч, импортын өртөг нэмэгдэж, төсвийн орлогод дарамт болж байна.
2026 оны эхний найман сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөгт хүрсэн. Харин нийт зарлага нь 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болоод байна. Төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгөөр тасарсан тул төсвөө тодотгох зайлшгүй шаардлагатай тулгарлаа. Нүүрсний экспорт биет хэмжээгээр өсөж, уул уурхай эдийн засгийг дэмжиж байгаа ч худалдаа, үйлчилгээ зэрэг бусад салбарын идэвх сулхан байна. Үүний үр дагавар нь аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого хумигдаж, ажлын байр, авах цалин татарч байна.
Төсөв бол эмнэлэг сургуулийн тог дулаан, эмч, багшийн цалин хөлс, хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж юм. Төсвийн тоо, үг бүрийн цаана монгол хүний цалин, тэтгэвэр, тэтгэмж, монгол айлын ахуй амьдрал бий. Айл өрх амьдралын бодит нөхцөлдөө нийцүүлж, орлого, зарлагаа тооцоолдог шиг улс орон ч төсвөө хэмнэлтэй гамтай, хэрэгтэй зүйлдээ зарцуулах гэж тодотгодог.
Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотголын төсөл бол хүнээ бодсон шийдвэр юм. Төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм. Сайд нарын урсгал зардлын 1,4 их наяд төгрөгийг ард түмэндээ зориулах зорилго даалгавар юм.
Бид татвар нэмж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийнхээ нурууг чилээхгүй. Бид татварын ачаа дарамтыг буулгаж, хувийн хэвшилдээ, хөдөлмөрлөж ажиллах хүндээ лай болохоор зай болохыг хичээнэ. Бид эрчим хүчний импортын зөрүүгээс үүдэлтэй гэрэл, дулааны үнийн өсөлтийг өрхийн үүд, айлын хаалгаар оруулахгүй.
Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын дагуу төр хэмнэлтээ өөрөөсөө эхэлнэ. Төрийн байгууллагуудын томилолт сургалт, тавилга хэрэгсэл, унаа тэрэг, хурал форум, баяр ёслол, зар сурталчилгаа зэрэгт зарцуулах байсан мөнгийг цалин тэтгэвэрт шилжүүлж байна гэж шууд хэлж болно. Энэ онд эцсийн бодит үр дүн нь гарахгүй төсөл, арга хэмжээний төсөв мөнгийг хасна. Иргэддээ зориулсан үндсэн үйлчилгээг огт танахгүй. Хүндээ хүртээлгүй олон зардлыг танана. Энэ бүхнээс 1.4 их наяд төгрөг хэмнэхээр тооцлоо. Өнөөдөр төр түргэн, цагдаа, онцгой байдлынхаас бусад машин авах цаг биш. Өнөөдөр хүний төлөө шийдэх цаг. Өнөөдөр төр хурал форум хийж, дуусдаггүй яриагаа сунгах цаг биш. Өнөөдөр хоосон яриа биш бодит шийдвэрүүдээ сонгох цаг.
Хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэдийг хэрхэн зориулах вэ? Энэ асуултын хариултыг хэлэлцэж, хүндээ зориулахаар энэ танхимд цугласан.
1. 196.3 тэрбум төгрөг. 2026 оны 11 дүгээр сарын 1
435 мянган ахмад настан бүрд 11 дүгээр сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр олгоно. Ахмад настан бүр ажилласан жил, төлсөн шимтгэлээсээ хамаарч 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах шударга шинэчлэлээ шинэ оныг хүлээлгүй шууд эхлүүлнэ. Энэ бол нэг удаагийн халамж биш. Хүний насан туршийн ажил хөдөлмөрийн шударга үнэлгээ юм.
2. 844.6 тэрбум төгрөг. 2026 оны 11 дүгээр сарын 1
Эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 хувь нэмнэ. Энэ онд нэмсэн 30 хувь нэмсэн дээрээ нэмнэ. Нийлээд 50 хувь болно. Байгаль орчин, цаг уур, хөдөө аж хөдөө аж ахуй, соёл спорт зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчдын цалинг нэгэн жигд нийтэд нь 50 хувь нэмнэ. Боловсролын салбарын дутагдсан цалингийн зөрүү зардлыг шийдвэрлэнэ.
3. 50 тэрбум төгрөг-Гэрт ойрхон сургууль.
Гэрт ойрхон сургууль бол хамгийн сайн сургууль. Гэрт ойрхон улсын сургууль хаана байхгүй байна, тэнд зориулалтын барилга байшин, анги танхимын түрээсэлж, тоног төхөөрөмж, төрөлжсөн ахлах сургуульд зарцуулна.
4. 150.0 тэрбум төгрөг- Мах, ногоо, улаанбуудайн нөөц
Мах, улаанбуудай, хүнсний ногоо нөөцлөх, хадгалах зоориудыг томсгох, олон болгоход зарцуулна. 100 000 тонн улаанбуудай нөөцөлнө. 20 000 тонн мах нөөцөлнө. 12 000 мянган тонн төмс, хүнсний ногоо нөөцөлж авна. Хүнсний үнийн өсөлтийн талаас илүү нь болдог мах, гурил, төмс, ногооны илүү их нөөцтэй болно. Хүнсний хангамж нөөцөө хаана хэд байгааг шууд харж мэддэг цахим хяналт тогтооно. Энэ нь хэнд хэндээ амар. Айлаар бол идшээ бэлтгэдэг, үүцээ хийдэг улс болъё гэсэн шийдвэр юм.
5. 200 тэрбум төгрөг-Гал алдахгүй
Импортын цахилгааны үнийн өсөлтийг өрх айлууддаа үүрүүлэхгүй. Үнэ тарифын зөрүүг нь нөхнө. Өвлийн ид хүйтнээс өмнө цахилгаан станц, шугам сүлжээгээ засаж янзалж, шинэчилж сайжруулж авна.
6. Нэг их наяд 600 тэрбум төгрөг
ТӨК-иудын 1.6 их наядын ногдол ашгийг төрийн өмчийн жинхэнэ эзэд болсон иргэддээ зориулна. Төрийн өмч бол ард түмний өмч. Эзэн нь болсон иргэддээ үр ашгаа өгдөг байх нь шударга юм. Эрхэм гишүүд Та бүхний хоёр сарын өмнө баталсан хуулийг ёсчлон хэрэгжүүлэх нь Засгийн газрын хүлээсэн үүрэг юм. Төрийн өмчөөс иргэдийнхээ хүртэх үр өгөөжийг өсгөж арвижуулах, ил тод нээлттэй болгох дуусдаггүй яриаг дуусгахын төлөө Та бүхэнтэй нягт хамтран ажиллана. Төсөв үндсэндээ татварын орлогоос бүрдэж, тэр хэрээр баялаг бүтээгчдээ, хөдөлмөрлөж буй хүмүүсийнхээ нуруун дээр ачаа дарамт нэмж байгааг дорвитой засах бодитой алхам болно. Төсвийн тодотгол бол ТӨК-иудын ногдол ашгийг төсөл, хөтөлбөр нэрээр зарцуулахын оронд ард түмэндээ зориулах хоёр сарын өмнө баталсан хуулийг амьдралд хэрэгжүүлэх шийдвэр юм.
Энэхүү төсвийн тодотголын үр дүнд 2026 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.9 их наяд төгрөг, нийт зарлагыг 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх 2.0 их наяд төгрөг байхаар тооцлоо.
Энэ бол зөвхөн тооны өөрчлөлт биш. Энэ тоо, үг бүрийн бүрийн цаана төрийн хэмнэлт бий. Эдгээр тоо, өгүүлбэр бүрийн ард монгол хүний аж амьдрал, эрүүл мэнд, хүүхүүдийн боловсрол, цалин, тэтгэвэр бий.
УИХ-ын эрхэм гишүүд Та бүхнээс төсвөө иргэндээ зориулж, дарамтыг төрдөө авах тодотголын төслийг хэлэлцэн дэмжихийг хүсэж байна. Үнийн өсөлтөөс монгол хүн, монгол айл өрхүүдээ хамгаалахын төлөө шийдэл хэлэлцье. Цалин, тэтгэврээс өөр орлогогүй ахмад настан, төрийн үйлчилгээний албан хаагчдаа хамгаалахын төлөө ухаан бодлоо уралдуулъя.
Монголын баялгаа Монгол хүндээ зориулж, илүү маргаашийн төлөө өнөөдөр шийдье хэмээн хэллээ.