Монголбанк наймдугаар сард 3.1 тонн үнэт металл худалдан авчээ

Үндэсний мэдээллийн агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. 

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.08.31-2026.09.06)

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 8.06 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 6.4 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Хаан банк ХК, Худалдаа хөгжлийн банк ХК, Голомт банк ХК, Инвескор ББСБ ХК болон Таван толгой ХК хамгийн идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд байлаа. Тус хугацаанд нийт 1 удаагийн багцын арилжаа хийгдсэн байна. Тухайлбал:

  • Инвескор ББСБ ХК (INV) – 43,700 ширхэг үнэт цаасыг нэгжийн 8,000 үнээр, нийт 349.6 сая төгрөгөөр арилжаалагджээ.  

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн зах зээлийн ихэнх голлох индексүүд өсөлттэй хаагдлаа. MSE A индекс 9.72%-ийн өсөлтөөр хамгийн өндөр үзүүлэлттэй байж, 24,429.44 нэгжид хүрсэн бол TOP 20 индекс 9.59%-иар өсөж 63,412.07 нэгжид, MSE B индекс 0.68%-иар өсөж 15,264.75 нэгжид тус тус хүрсэн байна. Харин FTI индекс 0.49%-иар буурч, 1,066.82 нэгж болсон үзүүлэлттэй гарлаа.

Индексүүдийн өсөлтөөс харахад хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын идэвх, худалдан авах сонирхол мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Ялангуяа MSE A болон TOP 20 индексүүд өндөр өсөлт үзүүлсэн нь зах зээлийн үнэлгээ өндөр, хөрвөх чадвар сайтай компаниудын хувьцаанд эрэлт нэмэгдсэнийг илтгэж байна. Өнгөрсөн долоо хоногийн өсөлт нь банк, санхүүгийн салбарын хувьцаа болон уул уурхайн компаниудын өсөлт ихээхэн нөлөөлсөн ба TOP 20 индекс түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Таван толгой ХК (TTL)-ийн хувьцааны үнэ ердөө нэг долоо хоногийн хугацаанд 37.7%-иар огцом өсөж, зах зээлийн үнэлгээ нь ₮3.16 их наяд-д хүрснээр ХААН Банкны (KHAN) дараа орох Монголын хөрөнгийн биржийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болжээ. MSE B индекс харьцангуй бага буюу 0.68%-ийн өсөлттэй байсан нь дунд болон бага үнэлгээтэй хувьцаануудын хөдөлгөөн тогтвортой байсныг харуулж байна.

Харин FTI индексийн 0.49%-ийн бууралт нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн үнэлгээнд бага хэмжээний дарамт үүссэнийг илэрхийлж байгаа хэдий ч нийт зах зээлийн чиг хандлага эерэг хэвээр байлаа.

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ОРЛОГООС НОГДУУЛАХ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ 2040 ОН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

2026 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан бонд, хувьцаа болон бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийн хугацааг 2029 он байсныг 2040 он хүртэл сунгасан байна.

Тодруулбал:

  • 2024-2034 он: албан татварыг 90% хөнгөлнө
  • 2035-2040 он: албан татварыг 50% хөнгөлнө

Ингэснээр дотоодын хөрөнгийн зах зээлд урт хугацаанд хөрөнгө оруулах таатай татварын орчин бүрдэж, хөрөнгө оруулагчдын хувьд үнэт цаасны хөрөнгө оруулалтын өгөөжид эерэг нөлөө үзүүлэх боломжтой болж байна.

МОНГОЛБАНК 8 ДУГААР САРД 3.1 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА

Монголбанкны мэдээлснээр 2026 оны 8 дугаар сард нийт 3,058.0 кг буюу 3.1 тонн үнэт металл худалдан авчээ. Ингэснээр 2026 оны эхнээс өссөн дүнгээр Монголбанк тусгай зөвшөөрөл бүхий 93 аж ахуйн нэгж, үнэт металлын арилжаа эрхлэгч 39 иргэнээс нийт 11.9 тонн үнэт металл худалдан аваад байна.

Энэ үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 54.4%-иар өссөн бөгөөд эхний найман сарын дүнгээр сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ. 8 дугаар сард Монголбанкны 1 грамм алт худалдан авсан дундаж үнэ 507,274.76₮ байна.

“DBM БОНД”-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн нийтэд санал болгож буй “DBM бонд” (Транч 1)-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2026 оны 9 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Монголын хөрөнгийн биржээр дамжин явагдаж байна.

Хөрөнгө оруулагч та 10:00-13:00 цагийн хооронд захиалгаа өгөх боломжтой бөгөөд арилжаанд оролцохыг хүсвэл Эм Ай Си Си ҮЦК ХХК-аар дамжуулан захиалга өгч, оролцох боломжтой.

Бондын үндсэн нөхцөл

  • Нийт санал болгох хэмжээ: 100 тэрбум төгрөг
  • Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
  • Хугацаа: 12 сар
  • Купон төлөлт: Хагас жил тутам
  • Арилжааны хэлбэр: Купонтой / өрсөлдөөнт
  • Өрсөлдөөнт санал: 70%
  • Өрсөлдөөнт бус санал: 30%
  • Нэг хөрөнгө оруулагчийн дээд хэмжээ: Нийт зарласан хэмжээнээс хэтрэхгүй
  • Өрсөлдөөнт бус саналын 500 ширхэг хүртэлх захиалга: 100% биелнэ

Захиалга авах хугацаа: 2026.09.07-2026.09.09

Арилжаа явагдах цаг: 10:00-13:00


БОГД БАНКНЫ ТОЛГОЙ КОМПАНИ NYSE AMERICAN-Д IPO ХИЙХЭЭР SEC-Д БҮРТГЭЛИЙН МАТЕРИАЛАА ХҮРГҮҮЛЛЭЭ

Монголын Богд Банкны толгой компани болох Bogd FT Limited нь Нью-Йоркийн NYSE American биржид “BOGD” тикерээр хувьцаагаа олон нийтэд санал болгохоор АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC)-д бүртгэлийн материалаа хүргүүлжээ. Тус компани 6.25 сая ширхэг хувьцааг $4–$6-ийн үнээр санал болгож, нийт $25–37.5 сая хүртэлх хөрөнгө татахаар төлөвлөж байна.

IPO-оос төвлөрүүлэх хөрөнгийн ойролцоогоор 70%-ийг зээлийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд, үлдсэн хэсгийг технологийн хөрөнгө оруулалт болон борлуулалтын сувгаа тэлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн Монгол Улсаас гадна Казахстан, Узбекистаны зах зээлд дижитал болон жижиг зээлийн үйлчилгээг хөгжүүлэхээр зорьж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн