МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа

 Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххотод Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны нарийн бичгийн дарга Цүй Шышинь, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны нарийн бичгийн газрын Нарийн бичгийн дарга Ү Шюй нартай уулзлаа. 

Уулзалтын эхэнд Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын нарийн бичгийн дарга Цүй Шышинь Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны тухай мэдээлэл өгч, үйл ажиллагааны зорилго чиглэлээ  танилцуулав. Мөн цаашид хоёр улсын сэтгүүлчдийн байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэх талаар тодорхой бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо 2010 онд МСНЭ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж ирсэн бөгөөд хоёр улсын Сэтгүүл зүйн байгууллагууд хамтран 15 удаагийн сэтгүүлчдийн форумыг зохион байгуулж ирсэн туршлага, амжилтыг дурдаж, энэ өдрүүдэд бид 16 дах удаагийн форумыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ удаагийн форумаар дамжуулж өнгөрсөн амжилтаа улам бататгаж, хоёр улсын сэтгүүлчдийн илтгэлүүдийг сонсож, мэдээлэл солилцон,  харилцан бие биенээсээ суралцахыг зорьж байна гэлээ. 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын нарийн бичгийн дарга Цүй Шышинь дарга болон албаны бусад хүмүүст талархал илэрхийлж, МСНЭ-ийн талаар товч танилцуулж, Хятад-Монголын сэтгүүлчдийн XVI  форумд Монголын хэвлэл мэдээллийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчид болон сэтгүүл зүйн сургалт, судалгааны чиглэлээр ажилладаг багш судлаачдаас бүрдсэн 41 хүнтэй бүрэлдэхүүнтэй баг XVI дахь удаагийн  форумд оролцохоор ирж байгааг дурдлаа. Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим мэдээллийн хэрэгслийн хөгжил давамгайлж байгааг онцолж, үүнийг дагалдан сэтгүүлч мэргэжлийн ур чадвар, сэтгүүлчийн ёс зүйн асуудал чухлаар тавигдаж байгаа тул МСНЭ энэ асуудалд чиглэсэн тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байгааг илэрхийллээ. 

Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Нарийн бичгийн даргын газрын Нарийн бичгийн дарга хатагтай Ү Шюй “МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Нинжжамц Ерөнхийлөгчид баяр хүргэж, та зургаадугаар сард сонгогдсон бол манай Хятадын Цүй дарга долоодугаар сард шинээр дарга болсон. Хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын шинэ дарга нар Хятад, Монголын сэтгүүлчдийн байгууллага болоод сэтгүүлчдийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллана гэдэгт итгэж байна” гэв. 

Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргаар сонгогдсон Цүй Шышинь нь 37 жил Хятадын өдөр тутмын “Ардын сонин”-д сэтгүүлчээр ажилласан туршлагатай сэтгүүлч ажээ.

Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны Олон Улсын харилцааны албаны дарга Фэн Шиньжян “Өмнө нь хоёр улсын сэтгүүлчид харилцан айлчилдаг байсан бол одоо харилцан хоёр улсад сэтгүүлчдийн форумаа зохион байгуулж, хамтарсан сурвалжилга зохион байгуулдаг болсон нь хоёр улсын иргэдэд мэдээлэл солилцох, харилцан ойлголцох нөхцөлийг нэмэгдүүлж байна’’ гэв. 

Хятад-Монголын сэтгүүлчдийн XVI  форум маргааш буюу есдүгээр сарын 8-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод болно. Харин 2027 онд Монгол-Хятадын сэтгүүлчдийн XVII форум Монгол Улсад зохион байгуулагдах юм.

Б.Мөнхтуул

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн