Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн болон сумын цолтой 256 бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр боллоо.
Тус барилдаанд хоёр аварга, таван арслан, дөрвөн заан, 10 харцага, 27 начин, нийт улсын цолтой 48 бөхөөр манлайлуулсан хүчтэнүүд зодоглосон юм. Улмаар Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх улсын начин Б.Гончигсүрэн түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай үзүүрлэв. Улсын шинэ начин Б.Гончигсүрэн “Хилчин”-ий 80 жилийн ойн барилдаанд их шөвөгт шалгарсан бол энэ удаа түрүүлж, хоёр өрөө байрны эзэн боллоо. Тэрбээр түрүүлэхдээ нэгийн даваанд амгийн начин Т.Мөнхбат, хоёрын даваанд аймгийн арслан Д.Батсүх, гурвын даваанд цэргийн арслан Д.Цэрэнням, дөрвийн даваанд улсын харцага Ш.Пүрэвгарьд, бага шөвөгт улсын арслан Ц.Бямба-Отгон, дунд шөвөгт улсын арслан Э.Батмагнай, их шөвөгт улсын арслан Б.Бат-Өлзий, наймын даваанд улсын аварга О.Хангай нарыг өвдөг шороодуулсан юм. Үзүүрлэсэн улсын аварга О.Хангай 20 сая төгрөг гардлаа.
Тус барилдааны их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын арслан Б.Бат-Өлзий, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Түшээт Ханы Аварга” дэвжээ, “Эрч” спорт хорооны бөх, улсын үнэн зоригт харцага Э.Даш нар шалгарч, 15 сая төгрөгөөр шагнуулав.
Харин наймд улсын аварга П.Бүрэнтөгс, арслан Э.Батмагнай, харцага Б.Цэдэнсодном, харцага Э.Мөнхжаргал нар үлдэв.
Ташрамд дурдахад, энэ сарын 26-нд “Эв Монгол” клубийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн намрын улирлын нээлт, 27-нд Био энергийн судалгаа, шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болно.