Өмнөд Солонгост аялсан жуулчдын гаргасан гомдлын тоо энэ оны эхний долоон сарын байдлаар түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Таксины жолоочийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, чанар муу байрны үйлчилгээ, дэлгүүрүүдэд жуулчдаас хэт өндөр үнэ нэхсэн зэрэг асуудал хамгийн их гомдол дагуулсан байна.
БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр, нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд улсын хэмжээнд нийт 1,753 гомдол бүртгэгджээ. Энэ нь 2025 оны бүтэн жилийн хугацаанд бүртгэгдсэн 1,744 гомдлоос аль хэдийн давсан үзүүлэлт юм.
Эдгээр мэдээллийг жуулчдын гомдол хүлээн авах төвийн цахим хуудас болон 1330 дугаарын “Korea Travel Hotline” үйлчилгээгээр ирүүлсэн мэдээлэлд үндэслэн гаргасан байна. Тус утсыг гол төлөв солонгос хэл мэдэхгүй жуулчид аяллын үеэр тулгарсан асуудлаа мэдээлэхэд ашигладаг ажээ.
БАЙР, ДЭЛГҮҮРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХАМГИЙН ИХ АСУУДАЛ ДАГУУЛЖЭЭ
Гомдлын төрлөөр авч үзвэл, зочид буудал болон бусад байрны үйлчилгээтэй холбоотой 500 гомдол гарсан нь хамгийн олон байжээ. Үүнд байраа түрээслэж буй хүмүүс дур мэдэн захиалга цуцлах, өндөр дүнгээр цуцлалтын төлбөр нэхсэн зэрэг асуудал багтсан байна.
Үүний дараа дэлгүүр, худалдааны үйлчилгээтэй холбоотой 376 гомдол бүртгэгджээ. Жуулчдын мэдээлснээр, ажилтнуудын харилцаа, үйлчилгээний соёл муу байсан болон барааны үнийг хэт хөөрөгдүүлсэн зэрэг асуудал тулгарсан.
Нисэх онгоцны буудал болон агаарын тээврийн үйлчилгээтэй холбоотой 186 гомдол, таксины үйлчилгээний талаар 182 гомдол бүртгэгджээ. Такситай холбоотой гомдолд төлбөрийн тоолуур ажиллуулахгүй байх, хурд хэтрүүлэн аюултай жолоодох зэрэг асуудал багтсан байна.
Мөн зочид буудлын үйлчилгээтэй холбоотой 146 гомдол гарсан бөгөөд захиалгыг дур мэдэн цуцлах, үйлчилгээ болон ариун цэврийн нөхцөл хангалтгүй байх зэрэг асуудал голложээ.
“BTS”-ИЙН ТОГЛОЛТ БУСАН ХОТЫН ГОМДЛЫГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЖЭЭ
Бүс нутгаар нь авч үзвэл нийслэл Сөүл хотод 665 гомдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Үүний дараа Бусан хотод 594, Инчонд 176, Жэжү аралд 155 гомдол бүртгэгджээ.
Ялангуяа Бусан хотын гомдлын тоо өнгөрсөн оны мөн үеийн 239-өөс бараг 2.5 дахин нэмэгдсэн байна. Энэ нь зургадугаар сард Бусан хотод болсон “BTS” хамтлагийн тоглолттой холбоотой гэж үзэж байна.
Тус тоглолтыг үзэхээр Бусан хотод ойролцоогоор 110 мянган хүн очсон бөгөөд жуулчдын тоо огцом нэмэгдэхийн хэрээр байр, тээвэр болон бусад үйлчилгээний талаарх гомдол өссөн байна.
ХЯТАДЫН ЖУУЛЧИД ХАМГИЙН ОЛОН ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
Гомдол гаргасан хүмүүсийг харьяаллаар нь авч үзвэл Хятадын иргэд 680 гомдлоор тэргүүлжээ. Үүний дараа Өмнөд Солонгосын иргэд 276, Японы иргэд 263, Тайванийн иргэд 182, Хонконгийн иргэд 87 гомдол гаргасан байна.
Өмнөд Солонгосын аялал жуулчлал сүүлийн үед эрчимтэй сэргэж байгаа нь гомдлын тоог ч нэмэгдүүлсэн байна. Тус улсад ирсэн гадаадын жуулчдын тоо оны эхний хагаст анх удаа 10 саяыг давсан бөгөөд аялал жуулчлалын салбарын орлого зарим саруудад зарлагаасаа давж, ашигтай гарсан байна.
Гэсэн хэдий ч жуулчдын тоо нэмэгдэхийн зэрэгцээ үйлчилгээний чанар, үнийн бодлого, хэрэглэгчтэй харилцах соёл зэрэг асуудал шийдэгдэхгүй бол аялал жуулчлалын өсөлтийг цаашид тогтвортой хадгалахад хүндрэл учруулж болзошгүй гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.
“Covid-19”-ийн үеэр жуулчдын тоо эрс буурсантай холбоотойгоор гомдлын тоо мөн багассан. Гэвч аялал жуулчлал сэргэснээс хойш дахин огцом нэмэгдсэн байна. 2022 онд 288 байсан гомдол 2023 онд 902, 2024 онд 1,543, 2025 онд 1,744 болж өсжээ.