Amazon-ы ачааны нисэх онгоц осолдсоны улмаас таван хүн амиа алджээ

ЧИКАГО, 2026 оны есдүгээр сарын 7 /Reuters/. АНУ-ын Майами хотын олон улсын нисэх онгоцны буудалд “Amazon Prime Air” компанийн ачааны онгоц ням гарагт газардах үедээ хөөрөх, буух зурвасаас гарч, осолдсоны улмаас таван хүн амиа алдсан тухай хотын эрх баригчид мэдээлжээ.

“Prime Air” компанийн 7598 дугаартай нислэг үйлдэж явсан онгоц АНУ-ын Зүүн эргийн цагаар 14:00 цагийн орчимд нисэх буудлын хөөрөх, буух зурвасаас гарч, хэд хэдэн тээврийн хэрэгслийг мөргөсөн гэж албаныхан ням гаргийн үдээс хойш болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Майами-Дэйд тойргийн Гал түймэртэй тэмцэх, аврах албаны дарга Рэй Жадаллагийн мэдээлснээр, ослын улмаас мөн таван хүн гэмтэж бэртсэн бөгөөд гурвынх нь биеийн байдал хүнд байна. Онгоцонд мөргүүлсэн автомашинуудад хамгийн багадаа хоёр хүн, нисгэгч, туслах нисгэгч нар мөн онгоцны бүхээгтээ хавчуулагдсан байжээ.

Ослын үеэр амиа алдсан хүмүүсийн нэрийг албаныхан мэдээлэхээс татгалзсан байна. Ослын газарт явуулсан аврах ажиллагаанд 60 гаруй аврах нэгжийн 200 орчим алба хаагч оролцжээ. Жадаллагийн мэдээлснээр, аврах албаныхан онгоцноос алдагдаж байсан шатахууныг тогтоохоор ням гаргийн үдээс хойш хүртэл ажилласан байна.

Ослын дараа нисэх буудлын бүх нислэгийг нэн даруй зогсоосон боловч ням гаргийн орой гэхэд дөрвөн зурвасын хоёрыг нь дахин нээжээ.

Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотоос хөөрсөн уг онгоц нь 32 жил ашиглаж байгаа “Boeing 767-300” загварын ачааны онгоц байжээ. “Flightradar24” цахим хуудсанд мэдээлснээр, уг онгоцыг 1994-2015 онд агаарын тээврийн хэд хэдэн компани  зорчигч тээврийн онгоцоор ашиглаж байсан байна.

“Amazon” компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, ачаа тээврийн “21 Air” компани уг онгоцыг “Amazon”-ы захиалгаар ашиглаж байжээ. “Өнөөдөр Майамид манай нисэх онгоцнуудын нэг осолдсонд бид маш их харамсаж байна. Амиа алдсан хүмүүсийн гэр бүл, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье” гэж “21 Air” компани мэдэгдсэн байна.

“Flightradar24”-ийн мэдээлснээр, онгоц ашиглах боломжтой зурвасаас гарч осолдох үедээ цагт ойролцоогоор 208 км-ийн хурдтай явж байжээ.

АНУ-ын иргэний нисэхийн ослыг мөрдөн шалгадаг Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл ослыг мөрдөн шалгахаар дарга Женнифер Хомендигаар ахлуулсан багийг илгээсэн байна. 

Ням гарагт болсон уг осол нь “Amazon Prime Air”-ын онгоц осолдож хүний амь нас хохирсон анхны тохиолдол биш юм. 2019 оны хоёрдугаар сард тус компанийн захиалгаар Майамигаас Хьюстон чиглэлд нисэж байсан “Atlas Air” компанийн “Boeing 767-300” ачааны онгоц огцом өндрөө алдаж, Техас муж улсын Тринити буланд унасан байна. Онгоцонд байсан гурван хүн бүгд амиа алджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн