Ж.Инфантино ФИФА-гийн ерөнхийлөгчид дахин нэр дэвшинэ

БЕРН, 2026 оны есдүгээр сарын 7 /Kazinform/. ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино ирэх онд болох сонгуулььд дахин нэр дэвшихээр төлөвлөж байгаа тухай “Kazinform” агентлаг “Euronews” цахим хуудсанд мэдээлснийг эш татан уламжилжээ. 

ФИФА-гийн ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2027 оны гуравдугаар сарын 18-ны пүрэв гарагт Мароккогийн Рабат хотод болох 77 дугаар конгрессын үеэр явагдана.

“ФИФА-гийн ерөнхийлөгч 2027 онд дахин сонгогдохын төлөө өрсөлдөнө гэдгээ дөрөвдүгээр сард мэдэгдсэн. Мэдээж энэ байр суурь өөрчлөгдөөгүй. Ноён Инфантино дахин нэр дэвших бодолтой байна” гэж тус холбооны мэдэгдэлд дурджээ. 

2016 онд анх ФИФА-гийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Инфантино өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээр хувийн хөрөнгө оруулалт татахтай холбоотой маргаан дагуулсан төлөвлөгөөг танилцуулж, улмаар цуцалснаас хойш багагүй дарамт шахалтад орсон. Уг төлөвлөгөөний дагуу хөндлөнгийн хөрөнгө оруулагчдад ФИФА-гийн арилжааны охин компани болох “FIFA Forward Enterprise”-ийн  (FFE) хувьцааг эзэмших боломж олгохоор төлөвлөж байв.

Энэхүү төсөл нь ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, ФИФА-г хөл бөмбөгийг “худалдахыг” зорьж байна хэмээн буруутгажээ. Улмаар Ж.Инфантино ФИФА-г үргэлжлүүлэн тэргүүлэх эрхтэй эсэхтэй хобоотой асуудлаар хөл бөмбөгийн ертөнцөд томоохон хуваагдал үүсэж, уг байгууллагыг түүгээр цаашид удируулах эсэх дээр байр суурь нь хуваагдахад хүрсэн байна. 

FFE төслийг “дахин сэргээх боломжгүйгээр, эцэслэн цуцалсан” бөгөөд “өөр хэлбэрээр дахин хэрэгжүүлэхгүй” гэсэн баталгааг УЕФА ФИФА-гаас авснаа мэдэгдсэний дараа Европын орнууд өнгөрсөн наймдугаар сард ФИФА-гийн тэмцээнүүдийг бойкотлохоо зогсоожээ. Гэсэн хэдий ч УЕФА Ж.Инфантино-г огцруулахыг шаардсаар байгаа юм.

Ж.Инфантино энэ оны эхээр Канадын Ванкувер хотод болсон ФИФА-гийн 76 дугаар конгрессын үеэр дахин нэр дэвших бодолтой байгаагаа мэдэгджээ. “Юуны өмнө ФИФА-гийн гишүүн 211 холбоонд хандаж хэлэхэд, би ирэх онд ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ” хэмээн тэрбээр хэлээд “Сүүлийн 10 жилийн турш үзүүлсэн та бүхний дэмжлэг, өнөөдрийн итгэл, хөдөлмөр, ахиц дэвшил, хөл бөмбөгт өгсөн хайр, сэтгэл зүтгэлд баярлалаа” гэсэн байна. 

Олон улсын тэмцээнүүдийг хэсэгчлэн хувьчлах төлөвлөгөөнийхөө улмаас шүүмжлэлд өртсөн Ж.Инфантиног ФИФА-гийн удирдлага дэмжиж байгаагаа хожим илэрхийлсэн байна.

ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Маттиас Графстрём болон тус байгууллагын удирдлагын зөвлөлийн гишүүд Инфантинод итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлсэн гэж ФИФА мэдээлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн