Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) Орос, Беларусийн тамирчин, дасгалжуулагч, шүүгч, комиссар болон бусад албаны хүмүүст тавьсан хоригоо цуцалж, олон улсын тэмцээнүүдэд оролцох боломжийг нь нээжээ.
“FIBA”-гийн Гүйцэтгэх хороо есдүгээр сарын 1-нд хуралдаж, Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны 2026 оны тавдугаар сарын 7, долдугаар сарын 7-ны шийдвэрүүд дээр үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.
Энэхүү шийдвэр нь 5х5 болон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнүүдэд хамаарах бөгөөд Орос, Беларусийн тамирчид тэмцээнд оролцох, дасгалжуулагч, шүүгч болон бусад албаны хүмүүс ажиллах боломжтой болжээ.
Харин Орос, Беларусийн шигшээ багуудыг олон улсын тэмцээнд оролцуулах эсэх асуудал одоогоор шийдэгдээгүй байна. “FIBA” эдгээр улсын шигшээ багийг тэмцээнд буцаан оруулахтай холбоотойгоор ОУОХ болон бусад спортын байгууллагуудтай хамтран хэлэлцэхээр болжээ.
Орос, Беларусийн багуудыг Украинд дайн эхэлсэнтэй холбоотойгоор 2022 оноос эхлэн “FIBA”-гийн олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй байх болсон юм.
ОХУ-ын Спортын сайд, Оросын Олимпын хорооны дарга Михаил Дегтярев “FIBA”-гийн шийдвэрт талархаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Орос, Беларусийн тамирчдыг олон улсын сагсан бөмбөгийн тэмцээнд эргэн оролцуулах боломж бүрдсэнд баяртай байгаагаа “Telegram” сувгаар дамжуулан мэдэгдсэн байна.