ОХУ-ын дрон Украины аюулгүй байдлын албаны төв байранд цохилт өгч, 12 хүн шархадлаа

ОХУ-ын дрон Украины Аюулгүй байдлын алба буюу СБУ-ийн Киев хот дахь төв байрыг онож, дор хаяж 12 хүн шархадсан талаар Украины тал мэдээллээ. Халдлага есдүгээр сарын 4-нд Киев хотын төвд болсон байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн мэдээлснээр Оросын дрон аюулгүй байдлын албаны төв байрны даргын өрөөг шууд чиглэн цохилт өгчээ. Тус барилга Киевийн Володи́мырын гудамжинд, ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй Гэгээн Софийн сүмийн эсрэг талд байрладаг байна.

Зеленский халдлагын дараа Аюулгүй байдлын албаны дарга Александр Покладтай холбогдож, Оросын талд “мэдэгдэхүйц хариу” өгөх бэлтгэл хийхийг үүрэг болгосон байна. Тэрбээр боломжтой бол хариу цохилтыг уг халдлагатай ижил түвшинд хийхийг чиглэл болгожээ. Энэ нь Орос-Украины дайны үеэр Украины тагнуул, аюулгүй байдлын гол байгууллагын төв байрыг шууд онилсон хамгийн анхаарал татахуйц халдлагуудын нэг болж байна. Халдлага Киевийн төвд Оросын агаарын цохилт эрчимжиж буй үед болсон бөгөөд өмнөх өдөр нь Оросын дронууд нийслэлийн ойролцоох “Coca-Cola”-гийн үйлдвэрийг мөн онож, гэмтээсэн талаар Зеленский мэдээлж байжээ. Мөн уг халдлага АНУ-ын төлөөлөгчид Орос, Украинд очиж, дайныг зогсоох дипломат яриа хэлэлцээг сэргээхээр төлөвлөж буйтай давхцаж байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн