нэ жил улиралын томуугийн дархлаажуулалтыг “ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор зохион байгуулж, томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилгоор өмнөх жилүүдээс эрт буюу 9 дүгээр сарын 4-нөөс эхлүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төвд өнөөдөр /2026.09.03/ улирлын томуугийн дархлаажуулалтын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээлтийн үеэр хэлэхдээ: “Манай улсад томуугийн дэгдэлт 10 дугаар сараас эхэлж, 1–2 дугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ жил вакцинжуулалтыг эрт эхлүүлж, томуугийн дэгдэлтээс өмнө зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулахад анхаарч байна” гэв.

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭЭ БҮРЭН ХАМРУУЛНА
Монгол Улсын Засгийн газар 2025 онд 300 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан бол энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр энэ жил зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамруулах боломжийг нэмэгдүүлж байна.
Сайд Э.Батшугар: “Өнгөрсөн жил зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан. Энэ жил Засгийн газар вакцины хүн тунг нэмэгдүүлж, зорилтот бүлгийн бүх иргэдээ дархлаажуулалтад хамруулахад анхаарч байна. Хамгийн гол нь томуугийн улирал эхлэхээс өмнө дархлааг нь тогтоох юм” хэмээн онцоллоо.
Энэ жилийн вакциныг ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакцинаар сонгож, Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ. Вакциныг 6 сартайгаас 6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүн амд үнэ төлбөргүй хийнэ.
ВАКЦИНЖУУЛАЛТЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА
Томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаажуулалтыг эрт хийж байгаа нь эрсдэлт бүлгийн иргэдийг халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Манай улсад 2024/2025 оны томуугийн улиралд хийсэн судалгаагаар 1–5 насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулснаар томуугийн халдварын улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэлийг 75.2 хувиар бууруулсан үр дүн гарсан байна. 2026 оны 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн улсын хэмжээнд 600 гаруй эрүүл мэндийн нэгжийн 1300 гаруй эмч, мэргэжилтэн зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулна.

Эрүүл мэндийн яамнаас иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Жиргэх