Лайпцигийн дроны хэрэгт ОХУ-ыг буруутгасны хариуд Москва Германы Goethe-Institut-ийн гурван салбарыг хаахаар боллоо

ОХУ Германы Goethe-Institut-ийн Москва, Санкт-Петербург, Екатеринбург дахь төвүүдийг хаахаар болжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров есдүгээр сарын 3-нд мэдэгдэхдээ, энэ нь Германы тал Берлин дэх Оросын соёлын төв болон Бонн дахь ОХУ-ын консулын газрыг хаах шийдвэрийн хариу арга хэмжээ гэв.

Лавров Германы тал дээрх шийдвэрийн үр дагаврыг ойлгож байсан бөгөөд ингэснээр Германы ОХУ дахь соёлын үйл ажиллагаа дуусгавар болж байна гэж мэдэгджээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко Бонн дахь консулын газрыг хаах шийдвэрийн хариуд ОХУ “маш удахгүй” нэмэлт арга хэмжээ авна гэж өмнөх өдөр нь мэдэгдсэн байна.

Энэ сөргөлдөөн нь Германы тал Лайпциг/Халле нисэх буудалд наймдугаар сарын 4-нд болсон дроны халдлагын оролдлогын ард ОХУ байсан гэж албан ёсоор буруутгаснаас эхэлсэн юм. Германы Засгийн газар есдүгээр сарын 1-нд цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа, халдлагын арга барил болон тагнуулын мэдээллийг нэгтгэн үзэхэд ОХУ уг халдлагын хариуцлагыг хүлээх үндэслэлтэй гэж мэдэгдсэн.

Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт тус халдлага нь Европ дахь ОХУ-ын “эрлийз ажиллагааны” хэв шинжтэй нийцэж байгаа бөгөөд дроныг удирдсан этгээдүүд Оросын төрийн байгууллагуудын нэрийн өмнөөс ажилласан гэх тагнуулын мэдээлэл бий гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Германы эрх баригчид улсын аюулгүй байдлын заналхийллийн түвшнийг нэмэгдүүлжээ. Халдлагын үеэр тэсрэх бодис тээвэрлэсэн дрон Лайпциг/Халле нисэх буудлын хамгаалалттай бүсээс, Украины ачааны онгоцны ойролцоо илэрсэн байна. Дрон дэлбэрээгүй бөгөөд тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгожээ.

Үүний дараа Герман улс Бонн дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрыг хаах, Берлин дэх “Оросын ордон” соёлын төвийн үйл ажиллагааг зогсоох, ОХУ-ын иргэдэд тавих нэвтрэх хяналтыг чангатгах зэрэг арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Мөн Европын холбооны хүрээнд ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахыг дэмжихээр болжээ. АНУ-ын тал ч уг дроныг ОХУ-ын тагнуулын байгууллагатай холбоотой байсан гэж үнэлсэн талаар мэдээлсэн. Ингэснээр Германы нисэх буудалд гарсан уг хэрэг нь зөвхөн хоёр улсын дипломат маргаан бус, Европын аюулгүй байдал болон ОХУ-ын эрлийз ажиллагаатай холбоотой асуудал болж өргөжөөд байна.

Харин Москва Германы буруутгалыг няцааж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы тал Москваг буруутгахын тулд нотлох баримт зориудаар бий болгосон гэж мэдэгдсэн бол Оросын тал Германы шийдвэрүүдийг үндэслэлгүй, өдөөн хатгасан алхам гэж үзэж байна.

Эх сурвалж: CNN, Reuters 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн