АНУ-ын Холбооны шоронгуудыг удирдах товчооны шинэчлэгдсэн мэдээлэлд дурдсанаар, P. Diddy гэдэг нууц нэртэй Америкийн реппер, продюсер Шон Комбс 2028 оны хоёрдугаар сарын 5-нд шоронгоос суллагдах ажээ. Энэ тухай USA Today сонинд мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.
Өдгөө 56 настай реппер Нью-Жерси муж улсын шоронд 50 сарын хугацаагаар хоригдож байгаа юм. Түүний суллагдах огноо хэд хэдэн удаа өөрчлөгджээ. Эхлээд тэрбээр 2028 оны 5 дугаар сарын 8-нд суллагдах байсан бол мөн оны хоёрдугаар сарын 8-нд суллагдахаар болсон байна. Ийнхүү хугацаа өөрчлөхдөө хоригдогч зан байдлын хувьд сайн байж засарч хүмүүжсэн, хоригдсон хугацаа, дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлийг багасгах тусгай хөтөлбөрүүдэд хамрагдсан зэргийг харгалзан үзжээ.
P. Diddy ярихдаа, сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаагаа архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис болон бусад хорт зуршлаас бүрэн татгалзаж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн тэрбээр эмчилгээнд хамрагдаж, бусад хоригдлуудад зөвлөгөө өгч эхэлжээ.
2025 оны 7 дугаар сард тангарагтны шүүхээс “биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүмүүсийг зөөвөрлөсөн” гэх зүйл ангиар буруутган түүнд ял оноожээ. Тэрбээр хэд хэдэн эмэгтэйчүүд, тэдний дотор хуучин найз бүсгүйчүүд болох Касандра “Кэсси” Вентура Файн болон “Жейн” гэдэг нууц нэртэй нэгэн эмэгтэйг зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон байна. Харин бэлгийн мөлжлөгт оруулах зорилгоор хүн худалдаалсан, гэмт хэрэг үйлдэх зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан гэх илүү ноцтой хэргүүдэд түүнийг буруугүй гэж үзжээ.
P. Diddy бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэргийг дахин хянан үзэхийг шаардсаар байна. 2025 оны есдүгээр сард АНУ-ын Прокурорын газраас Р.Диддид 11 жилийн хорих ял оноохыг шаардаж байв.
Шон Комбс өөрөөс нь өршөөл хүссэн гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп саяхан мэдэгдэж байсан юм.