Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна

ВЛАДИВОСТОК, 2026 оны есдүгээр сарын 4 /TASS/. ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх “Байгал нуурын хүч” /Байгалын хүч/ хоолойн төслийг Орос, Хятад улсууд хэлэлцэж байгаа тухай ОХУ-ын Шадар сайд Александр Новак Орос-Хятадын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр мэдээлжээ. Уг төслийг өмнө нь “Сибирийн хүч-2” гэж нэрлэж байсан юм.

“”Сибирийн хүч” хоолойгоор нийлүүлж буй хийн экспорт тогтвортой нэмэгдэж байна. Бид “Алс Дорнодын” чиглэлийг ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа бөгөөд “Байгалын хүч” зэрэг ОХУ-аас Хятад руу байгалийн хий нийлүүлэх бусад ирээдүйтэй чиглэлийн талаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлж байна” гэж Шадар сайд хэллээ.

А.Новак өмнө нь уг төслийн хүрээнд хий нийлүүлэх чиглэл болон арилжааны нөхцөлийг хэлэлцэж байгаа талаар дурдаж байсан юм.

“Байгалын хүч” буюу “Сибирийн хүч-2” төслийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас Хятад руу жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2025 онд Хятад улсад хийсэн айлчлалын дүнд Орос, Хятадын талууд “Сибирийн хүч-2” болон Монголын нутгаар дамжин өнгөрөх “Союз- Восток” хийн хоолойг тавих тухай хууль зүйн хувьд заавал биелүүлэх шаардлагатай санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев өмнө нь “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл нь барилгын ажилд шилжих эцсийн шатандаа орсон гэж мэдэгдэж байсан юм.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт есдүгээр сарын 1-4-нд Владивосток хот дахь Алс Дорнодын холбооны их сургуулийн хотхонд  “Алс Дорнод-хүмүүсийн сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн дор болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн