МАДРИД, 2026 оны есдүгээр сарын 3 /Euronews/. Сеута хот руу цагаачид бөөнөөрөө дайран нэвтрэх үед дүрэмт хувцастай Мароккогийн цагдаа нар тэдэнд газарчилж, харин энгийн хувцастай ажилтнууд хаагуур хил нэвтрэхийг нь зааварчилж байжээ.
Энэ тухай Испанийн Цагаачлал, хилийн асуудал эрхэлсэн Үндэсний цагдаагийн төвийн тайланд дурдсантай тус улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд танилцсан байна.
Цагаачид бөөнөөрөө дайран нэвтэрсэн нь Испанийн Сеута, Мелилья анклавуудад Марокко улс санаархаж буйтай холбоотой бөгөөд гол зорилго нь Испанийн хилийн хяналтын тогтолцоог гацааж, шуурхай хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болгох явдал байсан гэдгийг тайланд дурджээ.
Энэ мэдээлэл Гадаад иргэд, хилийн асуудал эрхэлсэн Ерөнхий газрын /Cenif/ тагнуулын хэлтсээс Испанийн Үндэсний шүүхийн шүүгч Мария Тардонд иржээ. Испанийн Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка тэр даруй Үндэсний цагдаагийн газрын ерөнхий захирал Франсиско Пардо-д хандан тайлбар өгөхийг шаардсан байна. Сеутагийн цагаачлалын хямралтай холбоотой шийдвэрийг засгийн газраас гаргахад энэ мэдээлэл маш чухал бөгөөд ийм төрлийн мэдээллийг Үндэсний аюулгүйн зөвлөл болон бусад байгууллагад нэн даруй илгээж байх ёстой гэдгийг сайд онцолжээ.
El Español ба Código 10 сонинуудад бичсэнээр, Дотоод хэргийн сайд 7 дугаар сарын 29-нд Үндэсний цагдаагийн газраас эхний тайланг хүлээн авсан бөгөөд түүнд “хот руу бөөнөөрөө дайран нэвтрэх магадлал маш өндөр байна” гэдгийг дурджээ. Мөн дайралтыг зохион байгуулахад Мароккогийн цагдаа, тагнуулынхан оролцож магадгүй гэдгийг тайланд анхааруулаад, зарим хүний нэр, гэрэл зургийг хавсаргасан байна.
Мөн тайланд “Сеута руу 14 жихадист нэвтэрсэн” гэж дурдсан боловч хожим нь энэ мэдээллийг Дотоод хэргийн яам үгүйсгэсэн байна.