Европын Холбоо 387.5 сая еврогийн суперкомпьютер захиалжээ

БРЮССЕЛЬ, 2026 оны есдүгээр сарын 1/Kazinform/. Европын Холбоо хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор өндөр бүтээмжтэй 387.5 сая еврогийн үнэ бүхий суперкомпьютерийг Францын төрийн өмчийн Bull AI компанид захиалжээ. Энэ тухай DW мэдээлснийг эш татан Kazinform агентлаг дамжууллаа.

Суперкомпьютерийн технологийг хөгжүүлж буй Европын EuroHPC агентлаг энэхүү захиалгыг хийсэн бөгөөд тооцоолон бодох шинэ цогцолборыг Финланд дахь өгөгдлийн төвд суурилуулах ажээ. Европын хиймэл оюун ухаан, тооцоолон бодох дэд бүтцийн нэг хэсэг болох уг компьютерийг 2027 оны II хагаст ажиллуулж эхэлнэ.

Bull AI компани нь хиймэл оюуны Аtos концерны стратегийн активууд дээр суурилан хэдхэн сарын өмнө байгуулагдсан юм. Тус концернд санхүүгийн асуудлууд тулгарсны дараа төрийн мэдэлд авчээ.  

Өнөөдөр EuroHPC агентлаг нь хиймэл оюунд зориулсан өгөгдлийг боловсруулах 10 орчим суперкомьютер бүхий 19 төвтэй бөгөөд Европын энэхүү сүлжээнд Герман дахь Юлих судалгааны төв багтдаг.

EuroHPC-ийн дэд бүтэц хариуцсан захирал Евангелос Флоросын ярьснаар, ойрын жилүүдэд тус сүлжээ улам өргөжинө. Учир нь, хиймэл оюунд шаардлагатай тооцоолон бодох хүчин чадлын эрэлт нь одоо байгаа нөөцөөс хэдийн давжээ.

Сануулан дурдахад, 2025 оны есдүгээр сард Германд Jupiter хэмээх Европын хамгийн хурдан суперкомьютерийг ашиглалтад оруулжээ. Уг системийг эрдэм шинжилгээний ажил ба үйлдвэрлэлд, түүний дотор хиймэл оюуныг хөгжүүлэх, их хэмжээний өгөгдлүүдийг боловсруулахад ашиглах юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн